Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Үерт нэрвэгдсэн Баян-Өлгийчүүд гүний худагтай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрөгч 2018 оны 7-р сарын 14-17-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн төвд орсон хүчтэй аадар борооны улмаас Өлгий сумын 1,200 айл үерт автан, 530 орчим өрх орох оронгүй болж, иргэдийн ундаалж байсан 400 орчим гар худаг ахин ашиглах аргагүй эвдэрч нурсан төдийгүй их хэмжээний эд зүйлс сүйдсэн байгалийн гамшиг казах ард түмэнд маань тохиосон билээ. Ундны усны эх үүсвэр нь үерийн ус, жорлонгийн бохиртой нийлж, улмаар хүн ундаалах аргагүй болж, иргэд ундны усаа машинаар зөөж хэрэглэх болсон юм.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ОУЭБ) нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, нэн шаардлагатай хэрэгцээг тодорхойлон, үерт автсан 2, 3, 12, 13 гэсэн 4 багт нийт 4 ширхэг 40-50м-ийн гүний худаг гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн. Төслийн ажлыг 8-р сарын сүүлээр яаралтай эхлүүлсэн ба энэ 9-р сарын сүүлийн 7 хоногт ашиглалтад орж, 4 гүний худгийг Өлгий сумын засаг дарга Х.Бахытхумар, багийн дарга нар, худгийн ажилтан болон тус багийн иргэдэд Дэзэрэт ОУЭБ албан ёсоор хүлээлгэн өглөө.

Үерээс хойш зөөврийн машинаар усаа авч байсан тус 4 багийн иргэд одооноос эхлэн тус гүний худгуудаар 24 цагийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. Нэг худаг ойролцоогоор 600-700 хүнд хүрч үйлчлэх боломжтой бөгөөд гүний худагтай болсноор эрүүл мэнд, аюулгүй байдалд нийцсэн чанарын шаардлага хангасан цэвэр усыг иргэд хоол хүнс, ахуй амьдралдаа хэрэглэх бүрэн боломжтой боллоо. Уг гүний худгуудыг барих төслийн нийт зардалд 40 гаруй  сая төгрөгийг Дэзэрэт ОУЭБ-аас зарцуулсан байна.

Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив тусламжаар дэлхий даяар 189 оронд хүмүүнлэгийн төслүүдийг арьс өнгө, шашин шүтлэг, гарал угсаа үл харгалзан хүргэдэг хүмүүнлэгийн байгууллага юм. Монгол улсад 1993 оноос үйл ажиллагаагаа явуулж, төрөл бүрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг Монгол улсын өнцөг булан бүрд хүргэн ажилласаар байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.