Сингапур хот улс нь авлигын түвшин багатайгаараа дэлхийд алдартай. Энэ улсын төрийн албан хаагчдын цалин хангамж дэлхийн дунджаас өндөрт тооцогддог нь үүнд нөлөөлдөг гэдэг.
Гэвч мөнгөнөөс өөр ашиг сонирхол үе үе тэднийг ёс зүйн дүрмээ зөрчихөд хүргэдэг ажээ.
Сингапурын цагаачлалын албаны ажилтан Чин Пэн Сумыг виз сунгаж өгсний хариуд хоёр Хятад эмэгтэйгээс “сэкс авлига” авсан хэргээр өчигдөр шийтгэсэн байна.
Одоо 51 настай албан хаагч тэдгээр эмэгтэйчүүдийн Сингапурт оршин суух хугацааг сунгаж өгснийхөө хариуд бэлгийн харьцаанд орж, гэнэтийн визийн шалгалт явагдах гэж байгааг тэдэнд урьдчилан мэдэгдэж байсныг цагдаа нар илрүүлжээ.
“Төрийн албан хаагч эрх мэдлээ хувийн сонирхолд зориулан ашиглаж байсан нь авлигын ноцтой гэмт хэрэгт тооцогдоно” гэж Сингапурын авлигатай тэмцэх газрын мэдэгдэлд өгүүлсэн байна.
Баян тансаг Сингапур улсад иймэрхүү хэрэг үе үе гардаг. 2013 онд тус улсын онцгой байдлын албаны дарга Питер Лим мөн албан тушаалаа ашиглан бусадтай бэлгийн харьцаанд орж байсан нь илэрч, зургаан сар шоронд хоригдох ялаар шийтгүүлж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!