Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын индрээс Израйлийн ерөнхий сайд Ираны нууц зэвсгийн агуулахыг илчлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху оролцож, үг хэллээ.

Тэрээр Израйлийн эрх баригчид Тегеран хотод байрладаг Ираны нууц атомын агуулахад нэвтэрч, 300 тонн орчим цөмийн зэвсгийн түүхий эд хадгалагдаж байгааг илрүүлсэн тухайгаа энэ үеэр зарлажээ.

Нетаньяху уг байгууламжийн гадаад орчны гэрэл зургийг, хаяг байршлыг үзүүлээд хиймэл дагуултай дэлхийн улс орнуудыг энэхүү нууц байгууламжинд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

“Биднийг агуулахад нэвтрэх ажиллагаа зохион байгуулах үеэр тэд цэвэрлэгээ хийгээд завгүй байсан. Дөнгөж өнгөрсөн сард тэд 15 кг цацраг идэвхит материалыг эндээс зайлуулаад байна. Яах гэж үүнийг хийсэн бэ? Мэдээж цөмийн зэвсэг бүтээж байгаа баримтаа нууцлахын тулд эдгээрийг Тегеран хот даяар тарааж байрлуулсан байх” гэж Нетаньяху хэлжээ.

Тэрээр Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийг (IAEA) энэ мэдээллийн мөрөөр арга хэмжээ авахгүй байгааг шүүмжилсэн юм.

Нетаньяху эцэст нь Тегераны оршин суугчдад хандаж Амазоноос Гейгерийн тоолууд худалдаж аваад амьдарч буй орчныхоо цацраг идэвхийн хэмжээг шалгахгүй бол амь нас нь эрсдэлд ороод байгааг анхааруулжээ.

Израйлийн ерөнхий сайд НҮБ-ын чуулганы индэр дээрээс зурагт хуудас ашиглан үг хэлдгээрээ алдартай. Тэр 2012 онд Иран улс цөмийн зэвсэгтэй болоход ойрхон байгааг мөн зурагт хуудас ашиглан тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today