Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Таканохана дэвжээгээ орхисноор сүмогийн нэг эрин төгсөж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Залуу Таканохана, ах Ваканохана, тэдний аав Фүжишима дэвжээний эзэн 1988 онд

Мягмар гарагт экс ёкозуна Таканохана сүмогийн ертөнцөөс явж байгаагаа зарласнаар Ханадагийн эрин гэгддэг 72 жил үргэлжилсэн нэг гэр бүлийн түүх өндөрлөж байна.

Энэ удмынхны нэр бүр 1950-аад оноос эхлэн Японы сүмогийн ертөнцөд дуурсагдаж байв. Гэвч Таканоханагийн бусадтай нэгдэн ажиллаж чаддаггүй, улс төрийн тоглолт явуулах авьяасгүй байдал нь түүнийг сүмогийн ертөнцөд ганцаардуулж, дэвжээгээ орхиход хүргэсэн гэж ажиглагчид дүгнэж байна.

Эзэн хааны цомыг 22 удаа хүртэж байсан Таканохана 1990-ээд оны дундуур ах Ваканоханагийн хамт алдаршиж эхлэхэд “Вака-Такагийн халуурал” гэж хэвлэлүүдийн нэрлэсэн үзэгдэл нийгэмд өрнөж байв.

1991 оны тавдугаар сард тухайн үед Такаханада нэртэй байсан 18 настай Таканохана их аварга Чиёнофүжиг ялж, дуулиан тарьсан юм. Энэ ялагдлынхаа дараахан Чиёнофүжи зодог тайлсан гэдэг. Үүний дараа ах дүү хоёр ёкозуна цолонд хүрч, 1970-аад оны үед озеки цол хүртэл барилдсан аавынхаа амжилтыг ахиулсан юм.

Тэдний аав мөн Таканохана нэрээр барилддаг байсан ба ид оргил үедээ “Сүмогийн ханхүү” хэмээн өргөмжлөгддөг байв. Сонирхолтой нь нэгдүгээр Таканохана тухайн үед ид мандаж байсан залуу Чиёнофүжид дараалан ялагдсанаар зодог тайлж байжээ.

Хожим хоёрдугаар Таканохана Чиёнофүжиг зодог тайлахад хүргэсэн түүхтэй. 

Эцэг Таканохана бас ахтай байсан ба түүнийг нь мөн Ваканохана гэж нэрлэдэг байв. Ёкозуна цолтой байсан нэгдүгээр Ваканохана нь сүмогийн ертөнц дэхь Ханадагийн вант улсын суурийг тавигч юм.

Тэрээр харьцангуй жижиг биетэй ч уран барилдаантай, хэнийг ч айлгадаг нэгэн байсан тул “Дэвжээний чөтгөр” гэж нэрлэдэг байжээ.

Зодог тайлсныхаа дараа ахмад Ваканохана Сүмогийн Холбооны ерөнхийлөгч болж, 1992 онд 19 настай, залуу Таканоханаг анх удаа түрүүлэхэд эзэн хааны цомыг гардуулан өгч байсан түүхтэй.

Ийнхүү 1946 оны арваннэгдүгээр сард нэгдүгээр Ваканохана барилдаж эхэлснээр бий болсон Ханадагийн гэр бүлийн эрин өнөөдөр эцэс болж байгаа юм.

Таканохана зодог тайлснаар түүний Таканохана дэвжээ ч тарж байна. Сүмогийн түүхэнд ердөө Китаноуми, Тайхо, Таканохана гэсэн гурван ёкозунад өөрийн нэрээр дэвжээ байгуулах онцгой эрх олгож байжээ.

Чиёнофүжид бас ийм боломж олгосон ч тэр хүлээж аваагүй өнгөрсөн юм.

Сүмогийн Холбоотой байнга зөрчилдөж байсан Таканохана гадна талаас нь сүмогийн ертөнцийг өөрчлөх бараг боломжгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

Тиймээс одоо 46 настай Таканохана цаашдаа юу хийх нь тодорхойгүй байна. Түүний ах Ваканохана зодог тайлсныхаа дараа Америк хөлбөмбөгийн спортод хүч сорьсон ч амжилт гаргаагүй. Түүний нэгэн адил Таканохана ямар нэг шинэ салбарт өөрийгөө сорих нь гарцаагүй юм.

 

Эх сурвалж: Japan Times