Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Уулархаг нутгаар -6 ... -11 градус хүйтэн хоножээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт Сэлэнгэ, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн, Төв, Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр 0.1-20.8 мм бороо, цас орсноос хамгийн их нь Дархан-Уулын Шаазгайтад 20.8 мм, Сэлэнгийн Ерөө, Зүүнхараад 18 мм, Баруунхараад 12 мм, Хүдэрт 11 мм, Төв аймгийн Батсүмбэрт 14 мм, Дорнодын Цагаан-Овоод 11 мм байна. 

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн өртөө харуулын талбай дээрх хэмжилтээр Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн ихэнх нутгаар 1-22 см цасан бүрхүүл түр тогтсоноос Сэлэнгийн Бугантад 22 см, Дарханы Шаазгайтад  22 см, Төв аймгийн Борнуурт 22 см, Батсүмбэрт 16 см, Жаргалантад 13 см, Баянчандманьд 10 см зузаан цас оржээ.

Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарсан ба бусад нутгаар 3-21 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус байв.

Харин Алтайн өвөр говь болон говийн аймгуудын  нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр +13... +20 градус, бусад нутгаар  +5...+12 градус дулаан байсан бол шөнөдөө ихэнх нутгаар хүйтэн хоножээ. Тухайлбал, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр  -6 ... -11 градус хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн бүсийн өмнөд хэсгээр +1... +6 градус дулаан, бусад нутгаар 0 ... -5 градус хүйтэн.

Өнгөрсөн хоногт нутгийн баруун хэсгээр секундэд 4-9 метр, бусад нутгаар секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-24 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байна.

Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

 

Эх сурвалж: ЦУОШГ