Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрхийн товчоо орчмын 3.5 километр авто замын хөдөлгөөнийг нээлээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зам засварын ажил хийгдэж, өнөөдөр /2018.09.20/ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ. Иймд иргэд Улиастайн зам, Дүнжингаравын замуудыг сонгон зорчих боломжтой боллоо. 

Зам барилгын ажлын хүрээнд эхний 0.8 км авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөсөн байна. Үлдсэн хэсэгт авто замын шинэчлэлтийн ажил хийгдснээр график төлөвлөгөөний дагуу богино хугацаанд шуурхай гүйцэтгэж дуусгажээ.

Харин авто замын тэмдэг тэмдэглэлийг энэ сард дуусгах аж. 

 
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Налайх, Чойр чигэлэлийн хотоос гарах зам эвдрэл ихтэй шинэчлэгдээгүй үлдсэн байсан. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ замыг шинэчлэхээр болоод хотын зүгээс газар чөлөөлөлтөөс авахуулаад бүх бэлтгэлийг нь хангасан байсан. Зээлийн асуудалд хүндрэл гарч хоёр жилийг өнгрөөгөөд байна. Иргэдийн зүгээс энэ замыг янзлах, шинэчлэх зэрэг саналууд тавьж байсан.

Мөн Баянзүрхийн товчоог татан буулгаж, Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл замыг шинэчлэн баригдах хүртэл Баянзүрхийн товчооноос Улиастай уулзвар хүртэл авто замыг засч, янзал гэсэн үүргийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн. Үүний дагуу замын зорчих хэсгийг ес хоногийн дотор хурдан шуурхай шинэчлэн, өргөтгөж ашиглалтад орууллаа.

Өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотод Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж байгаа. Энэ хуралдаанаар ирэх хавраас Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км авто замыг шинэчлэх ажлыг эхлүүлэх болж байна” хэмээн ярилаа.

Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто зам нь анх 1965 онд ашиглалтад орж байжээ.

Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга Ж.Чинзориг, Замын цагдаагийн газар болон бусад холбогдох албаныхан оролцов.