“Бразил-2014” хөлбөмбөгийн ДАШТ-д Европын бүсээс төлөөлөн оролцох сүүлийн дөрвөн эрхийн төлөө урьдчилсан шатнаас хэсэгтээ хоёрдугаар байраар гарсан найман баг өрсөлдөж байгаа юм.
Өнгөрсөн баасан гаригийн шөнө дөрвөн эрхийн төлөөх эхний тоглолт болсон юм.
Түүнчлэн уржигдар Африк тивээс Бразилийг зорих хоёр багийн нэр тодорлоо.
Дидье Дрогба тэргүүтэй Кот Д`Иваурын шигшээ баг Демба Ба, Паписс Сиссе гэсэн “Премьер лиг”-ийн тоглогчтой Сенегалын шигшээ багтай талбай дээр нь 1:1-ээр тэнцсэнээр эрхээ халаасалжээ. Хоёр багийн эхний тоглолт Кот Д`Иваурт болоход талбайн эзэд 3:1-ээр ялалт байгуулсан юм. Түүнчлэн энэ жилийн “Хар тив”-ийн аварга Нигери Эфиопын шигшээ багийг Аддис Абаба хотдоо хүлээн авч, 2:0-ээр буулган авснаар ДАШТ-д тав дахиа оролцохоор боллоо. Харин өчигдөр Камерун Тунисийн хариу тоглолт болсон бол маргааш Египет-Гана, Алжир-Буркина Фасогийн хариу тулаан тус тус болно.
Ингээд Европын бүсийн сүүлийн дөрвөн эрхийн төлөөх эхний тоглолтын тоймыг хүргэе.
Гоол: Криштиано Роналду 82
Португал: Руй Патрисиу, Бруну Алвеш, Пепе, Фабиу Коэнтрау, Жоау Перейра, Мигел Велозу, Жоау Моутинью, Раул Мейрелеш (Жозуэ 78), Криштиано Роналду, Нани, Элдер Поштига (Угу Алмейда 66)
Швед: Исакссон, Нильссон, Антонссон, Ольссон, Лустиг, Чельстрем (Свенссон 78), Эльм (Вернблум 72), Качаниклич, Ларссон, Эльмандер (Герндт 88), Ибрагимович
Шар хуудас: Жоау Перейра 42, Ларссон 71, Криштиану Роналду 77, Эльмандер 77
Хамгийн сонирхолтой дуэлээр зүй ёсоор нэрлэгдээд буй дэлхийн шилдэг хөлбөмбөгчид болох Криштиано Роналдугийн Португал, Златан Ибрагимовичийн Шведийн шигшээ багийн тоглолт Лиссабон хотын “Да Луш” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Европын бразилчууд хэсэгтээ оросуудад, Скандинавын хойгийн баг дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багийн дараа хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарсан. Тиймээс хоёрдугаар шатанд хоорондоо оноолт таараад байсан юм. Хоёр багийн тоглолтыг Лиссабон хотод 60 мянган үзэгч сонирхсон бөгөөд талбайн эзэд багийн ахлагч Криштиано Роналдугийн цорын ганц гоолоор ялалт байгуулав.
Энэ жил дэндүү гэмээр сайн формтой байж, “Аваргуудын лиг” болон “Ла лиг”-ийн мэргэн буучдын жагсаалтыг итгэл төгс тэргүүлж буй португаль эр хоёрдугаар хагасын 82 дахь минутад ялалтын бөмбөгийг шигтгэсэн. Ингэснээр Европын бразилчууд ирэх мягмар гаригт Шведэд болох хариу тоглолтод тэнцэхэд л Мундиалийг зорих эрхээ авна. Гэхдээ хариу тоглолтод Ибрагимович ба түүний нөхдөөс ямар ч сенсаац ирж магадгүй. Учир нь Шведүүд талбайдаа сайн тоглодог уламжлалтай.
Исланд – Хорват 0:0
Исланд: Халльдорссон, Сигурдссон, Арнасон, А.Скуласон, О.Скуласон, Гуннарссон, Сигурдссон, Бьярнасон, Гудмундссон, Сигторссон (Гудьонсен 46), Финнбогасон (Гисласон 64)
Хорват: Плетикоса, Чорлука, Шимунич, Праньич, Срна, Ракитич, Модрич, Перишич, Иличевич (Олич 46), Эдуарду да Силва (Ребич 72), Манджукич (Бенко 87)
Улаан хуудас: О.Скуласон 50
Хуучнаар Югославын бүрэлдэхүүнд байж байгаад өрх тусгаарласнаасаа хойш дэлхийн аваргад тогтмол оролцсоор ирсэн 1998 оны ДАШТ-ий хүрэл медальт Хорватын шигшээ багийг мэргэжилтнүүд хамгийн азтайд тооцож байлаа. Учир нь тэд түүхэн амжилтаа үзүүлж, анх удаа ДАШТ-д оролцох эрхийн төлөө өрсөлдөж буй Исландтай оноолт таарсан юм. Рейкьявик хотын “Лаугардсфеллюр” цэнгэлдэх хүрээлэнд болсон эхний тоглолтод 0:0-ээр хуурай тэнцэв.
Уг тоглолтыг шүүн явуулсан Испанийн шүүгч Унидиано Мальенко Хорватчуудад тал засч, Исландийн хамгаалагч Олафур Скуласонд тоглолтын 50 дахь минутад тун эргэлзээтэй улаан хуудсыг өгсөн. Гэсэн ч Марио Манджукич, Ивица Олич, Эдуардо Да Силва гэсэн шилдэг довтлогчтой Хорватчууд арвуулаа үлдсэн талбайн эздийн хаалганд гоол оруулж чадсангүй. Гэхдээ тэд ялалт байгуулж чадаагүй ч Загреб хотод болох хариу тоглолтод хожно гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Харин Исландчууд ямар ч хамаагүй аргаар тэнцэх зорилготой Хорватад зочлох нь мэдээж. Хэрэв тэд зорилгоо биелүүлж чадвал дэлхийн аваргад анх удаа “дарийн утаа үнэрлэнэ”.
Грек – Румын 3:1
Гоол: Митроглу 14 (1:0), Станку 19 (1:1), Салпигидис 21 (2:1), Митроглу 67 (3:1)
Грек: Карнезис, Торосидис, Папастатопулос, Маниатис (Карагунис, 77), Сиовас, Холевас, Кацуранис (Самарис, 86), Циолис, Митроглу (Гекас, 81), Салпигидис, Самарас.
Румын: Лобонц, Рац, Гоян, Гардош, Мэцел, Кочиш, Боурчану (Лазэр 75), Торже (Грозав 75), Тэнасе, Марика, Станку
Шар хуудас: Боурчану 27, Кочиш 35, Сиовас 40, Гоян 43, Кацуранис 62, Лазэр 88, Рац 90+3
Улаан хуудас: Лазэр 90+2
2004 оны Европын аварга Грек Пирей хотын “Георгиос Караискакис” цэнгэлдэх хүрээлэндээ Румыний шигшээ багийг хүлээн авч тоглолоо. Грекчүүд уг нь Европын бүсийн “G” хэсэгт Эдин Жекогийн эх орон Босни Герцеговиний шигшээ багтай оноо тэнцсэн ч бөмбөгний зөрүүгээр тэднийг урдаа алдсан юм. Харин “Карпатын Марадона” хочит Георг Хажигээс хойш дэлхийн аваргад оролцоогүй Румынчууд хэсэгтээ Унгар, Турк гэсэн эвгүй багуудын урдуур хөндөлсөж, хоёрдугаар байраар шалгарсан.
Грекийн эртний хот Пирейд болсон тус талбайн эзэд 3:1-ээр ялалт байгуулав. “Ариун Эллад”-ын нутгаас “Олимпиакос”-ын довтлогч Константинос Митроглу дубль хийж, ПАОК-ын довтлогч Димитрис Салпигидис нэг бөмбөгийг шигтгэжээ. Харин Румынчуудаас Богдан Станку тоглолтын 19 дэх минутад оруулжээ. Грекчүүд Мундиалийг зорих эрхээ авахад Бухарестэд болох хариу тоглолтод тэнцэхэд хангалттай.
Украин – Франц 2:0
Гоол: Зозуля 61, Ярмоленко 82 пенальти (2:0)
Украин: Пятов, Хачериди, Кучер, Шевчук, Федецкий, Степаненко, Ротань, Эдмар (Безус 76), Коноплянка (Гусев 90+2), Ярмоленко, Зозуля (Селезнев 86)
Франц: Ллорис, Дебюши, Косьельни, Абидаль, Эвра, Погба, Матюиди, Реми (Сиссоко 62), Насри (Вальбуэна 80), Рибери, Жиру (Бензема 70)
Шар хуудас: Шевчук 36, Жиру 45+1, Федецкий 70, Сиссоко 76, Кучер 90+1
Улаан хуудас: Косьельни 90+1, Кучер 90+5
Дэлхийн болон Европын аварга Франц, талбайн эзэн Украиний шигшээ багийн тоглолт Киев хотын “НСК Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Эдгээр багууд өмнө хоорондоо долоон удаа тулахад “Азарган тахианууд” дөрөв хожиж, гурван удаа тэнцсэн үзүүлэлттэй.
Тэгвэл украинчууд “гэрийн нохойн сүүл өөдөө” гэгчээр бардаггүй өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авснаар тэднийг нуман тулгуурт оруулав. ДАШТ-д үргэлж гол “фаворит” байдаг францчуудад Киевт болсон уг тоглолт тун хүнд цохилт боллоо. Талбайн шүүгч таван шар, хоёр улаан “жавтий” өргөсөн нь ямархуу ширүүхэн тоглолт болсныг илтгэнэ.
Тоглолтын эхний хагаст гоол ороогүй бөгөөд хоёр дахь хагасын 61 дэх минутад Украиний “Днепр” клубт хүчин зүтгэдэг довтлогч Роман Зозуля салхийг хагалж, гоол оруулсан бол үүнээс 21 минутын дараа Шевченкогийн залгамжлагч гэгддэг довтлогч Андрей Ярмоленко торгуулийн 11 метрийн цохилтоор бөмбөгийг торонд шигтгэжээ. Ингэснээр Дидье Дешамын шавь нар маргааш шөнө Сейнт Денис хотод болох тоглолтод өрсөлдөгчөө заавал гурваас дээш бөмбөгний зөрүүтэй хожих хэцүүхэн даалгавартай хоцорлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!