Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрт илрүүлж, арга хэмжээ авснаар хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэл хувиар бууруулах боломжтой"

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN

Манай улсад хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх товлолт үзлэг оношилгооны систем байхгүй. Энэхүү системийг бий болгох санаачилгын эхлэл болон хэрэгжсэн “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРТ ҮЕИЙН ИЛРҮҮЛЭЛТ, ОРОЛЦОО” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэн хамтран уг төслийг 2015 оны дөрөвдүгээр сараас 2018 оны долоодугаар сарыг дуустал нийт гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлжээ.

"Сонсгол, харааны бэрхшээлийг эмчлэх боломжууд нээгдсээр байна"

2017 оны статистик мэдээллээр улсын хэмжээнд 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 10 орчим хувь нь хүүхэд байна. Дээр дурдсанчлан манайд эрт илрүүлэх тогтсон систем байхгүй учраас статистик мэдээлэл бодитой гарахгүй байгааг төслийн багийнхан хэлж байсан юм.

 

Энэ талаар Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжилтэн, Төслийн зохицуулагч Э.Уянга "Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлгийг амжилттай зохион байгуулж байгаа Америк, Герман, Япон гээд эрүүл мэндийн үйлчилгээ нь өндөр хөгжсөн орнууд байна. Эдгээр улсуудад хүүхдийг товлолт байдлаар буюу гурван сар, нэг нас, гурван нас гэх мэт насанд заавал эмчийн үзлэгт хамруулж, хөгжлийн бэрхшээл байгаа эсэхийг оношилж, хөгжлийг нь үнэлдэг. Жишээлбэл, Америкт 18 сартай хүүхдээ заавал Аутизмын хүрээний эмгэгийг шалгуулах ёстой гээд заачихсан байдаг. 

Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь ямар эерэг үр дүнтэй талаар олон орны судалгаа байгаа. Сүүлд Англид хийгдсэн судалгаагаар хөгжлийн бэрхшээлийг хүүхэд байхад нь илрүүлчихвэл, том хүн болсон хойно нь улсаас зарцуулах тэтгэмж зургаа дахин багасах боломжтойг онцолсон байсан. Энэ бол эдийн засгийн үр өгөөж.

Мөн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт арга хэмжээ авснаар хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үздэг. Нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй болчихсон тухайлбал, тархины саа, генийн өөрчлөлттэй төрсөн, дауны синдромтой тохиолдолд эдгэрэл яригдахгүй. Ер нь хөгжлийн бэрхшээлийн эмчилгээний явцад сайжрал, чадварыг нэмэгдүүлэх талаар л ярьдаг.

Хөгжлийн бэрхшээлүүд дундаас харилцааны, зан төлөвийн, сэтгэцийн эмгэгүүдийг урт хугацаатай, тууштай эмчилж нааштай үр дүнд хүрэх боломжтой. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ачаар сонсгол, харааны бэрхшээлийг эмчлэх боломжууд нээгдсээр байна" хэмээн ярилаа.

Төслийн эхний жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцооны талаар олон улсын хандлага, чиглэлийн талаар судалгаа хийж, хийсэн судалгааны дагуу “Хөгжлийн бэрхшээлийн нэр томьёоны Англи-Монгол тайлбар толь”, “Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх арга, уламжлалт ухаан” зэрэг ном, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт оролцооны талаар гарын авлага бэлтгэн хэвлүүлжээ.

"Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх товлолт үзлэгийн системтэй болох шаардлагатай"

Үргэлжлүүлэн 2016-2018 онд боловсруулсан ном гарын авлага, хийгдсэн судалгааны ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүрэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сургалтыг эцэг эх, асран хамгаалагч, өрхийн эмч, сувилагч, СӨБ-ын бага ангийн багш болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдэд зохион байгуулсан байна. Сургалтад нийт 3,200 гаруй хүн хамрагджээ.

Сургалтыг, 

  • хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль, эрх зүй, нийгмийн хандлага ойлголт, 
  • эрт илрүүлэхийн ач холбогдол болон хүүхдийн ерөнхий хоцрогдол, 
  • аутизмын хүрээний эмгэг, 
  • тархины сааны эрт илрэх шинж тэмдгүүд, 
  • илрүүлэх хуудсыг ашиглах зэрэг сэдвүүдээр зохион байгуулсан байна.
 

Уг сургалтад хамрагдсан Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч А.Будсүрэн "Хөгжлийн бэрхшээлийг тэр дундаа оюуны хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх мэргэшсэн эмч, баг үнэхээр дутагдалтай байгааг хэлэх хэрэгтэй байх. Миний хувьд дауны синдром, аутизмын эмгэгийг хэрхэн илрүүлэх талаар мэдлэг тун багатай байсан. 

Энэ төрлийн мэдээлэлтэй болсон хэдий ч цаашид хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх товлолт үзлэгийн системтэй болох, мэргэшсэн баг ажиллах шаардлагатайг онцолмоор байна. Ер нь эмнэлгийн байгууллагууд хүн хүчний дутагдалтай ажилладаг. Манай аймагт гэхэд мэргэшсэн баг байхгүй, тэр дундаа сэтгэлзүйч эмч дутагдалтай байна" гэв.

Хөгжлийн бэрхшээлийг заавал оношлуулах товлол байхгүй одоогийн нөхцөлд иргэд хүүхдийн ягаан дэвтэр дээрх эцэг, эхийн бөглөх хэсэгтэй танилцан, хүүхэд тань хэдэн насандаа ямар ямар чадварыг эзэмшсэн байх ёстой талаар мэдээллийг өрхийн болон хүүхдийн эмчээсээ авч байхыг төслийн багийнхан зөвлөж байлаа. 

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРТ ҮЕИЙН ИЛРҮҮЛЭЛТ, ОРОЛЦОО” төсөл БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд өнөөдөр төслийн үр дүнтэй танилцахаар БНСУ-аас тус байгууллагын төлөөлөл иржээ. Тэдгээр төлөөлөгчид төслийн үр дүнг эргэж очин тайлагнаснаар үргэлжлүүлэн төслийг санхүүжүүлэх эсэх талаар шийдвэр гарах юм байна.