Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрсэнд агуулагдаж буй метан хийг олборлоно гэдэг нь Монгол Улс өөрийн хийн түлшний салбарыг хөгжүүлэх анхны алхам"

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Гэрэл зургийг: mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмал, газрын тосны газар Австрали улсад бүртгэлтэй Голден Хорд Лимитед компанийн зуун хувийн хөрөнгө оруулалттай "Жи Өү Эйч" ХХК-тай Нүүрсний давхаргын метан хийн чиглэлд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа.

Тус гэрээ нь 2014 онд шинэчлэн батлагдсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулагдаж буй анхны, Монгол Улсын хэмжээнд хоёр дах нүүрсний давхаргын метан хийн чиглэлд байгуулагдаж буй гэрээ болж байна. Энэ төрлийн хамгийн анхны гэрээ 14 жилийн өмнө байгуулагдаж байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 265 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн сав газарт байрлах Номгон-IX талбайд Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай газрын тосны уламжлалт бус эх үүсвэр болох нүүрсний давхарын метан хийн хайгуул, ашиглалттай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Ашиг малтмал, газрын тосны газарт олгосон юм.

Монголын талаас АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайдын зөвлөх Ц.Түмэнцогт, Австрали Улсын талаас Голден Хорд Лимитед компанийн гүйцэтгэх захирал Нийл Ёнг нар гэрээнд гарын үсэг зурлаа.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Голден Хорд Лимитед компанийн гүйцэтгэх захирал Нийл Ёнг “Бид энэхүү гэрээнд гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. БХГ байгуулагдсанаар НДМ хийн хайгуулын ажлыг эхлүүлэх, цаашид их хэмжээний хийн нөөцийг Монголд илрүүлэх боломж бүрдэж байна. Бид Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэнтэй хамтран ажиллаж, дотоодын чадварлаг багийг бүрдүүлж, цэвэр хийн түлшийг гадаадын зах зээлд хүргэх мөрөөдлөө бодит болгохын төлөө хамтран зүтгэхдээ баяртай байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Австралийн талын үзэж буйгаар Монгол Улсын НДМ хийн нөөц бололцоо асар их ба Монгол Улс Австрали Улстай харьцуулахад хийн томоохон зах зээлд ойр, байршлын давуу талтай юм. 
Тус хайгуулын ажил амжилттай болсноор, ирээдүйд дотоодын болон гадаадын зах зээлд хий нийлүүлэх боломж нээгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, цаашлаад ажлын байрын тоог нэмэгдүүлж, агаарын бохирдолтой тэмцэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Энэхүү гэрээний ач холбогдлын талаар Монгол Улсын зөвлөх инженер З.Төмөрбаатар “Монголын газар нутгын 80 гаруй хувь нь нүүрстэй. Энэхүү нүүрсэнд агуулагдаж буй метан хийг олборлоно гэдэг нь Монгол Улс өөрийн хийн түлшний салбарыг хөгжүүлэх анхны алхам болж байгаа юм. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Парисын” хэлэлцээрт нэгдэн орсон улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 15 хувиар бууруулах амлалт авсан. Тийм учраас энэхүү гэрээг байгуулсан нь үүнд асар их ач холбогдолтой юм” гэлээ.

"Жи Өү Эйч" ХХК нь Өмнөговь аймгийн сав газарт байрлах “Номгон IX” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулан ажлыг хүйтний улирал дуусмагц, ирэх оноос эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба эхний ээлжинд чичирхийллийн судалгаа хийж, дараа нь хайгуулын цооног өрөмдөхөөр төлөвлөж байгаа аж.

Тус компани нь Австрали улсын "Голден Хорд Лимитэд" компанийн зуун хувийн хөрөнгө оруулалттайгаар Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх зорилгоор 2011 онд анх байгуулагдсан ба тэр үеэс эхлэн Монголын Засгийн газартай өдийг хүртэл хамтран ажиллаж байгаа аж.

Австрали улс НДМ хийн салбарт дэлхийд тэргүүлж байгаа ба сүүлийн арав гаруй жилийн хугацаанд салбартаа арав гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт аваад байгаа юм. Одоогоор тус улс нь өөрийн НДМ хийг БНСУ, Малайз, Япон болон БНХАУ руу нийлүүлж байна.​