Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сарыг тойрох анхны аялалын зорчигч нь Японы тэрбумтан болохыг SpaceX зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Илон Маскын үүсгэн байгуулсан SpaceX сансрын аялалын компани хэдэн жилийн дараа Big Falcon Rocket сансрын хөлгөөр сарыг тойрох аялал зохион байгуулах гэж байгаа.

Энэ аялалд хүн тээвэрлэх бөгөөд анхны аялалын зорчигч болох хүнийг өчигдөр зарлажээ. Тэр нь Японы хамгийн том онлайн хувцасны дэлгүүр Zozotown-ий эзэн, тэрбумтан Юсаку Маезава болохыг зарласан байна.

Ингэснээр тэр 1972 онд ниссэн АНУ-ын Аполло багийнхнаас хойш саранд хүрэх анхны хүн болж байгаа юм.

Сарыг зорих BFR хөлгийг одоо зохион бүтээж байгаа ба 2022 оны гуравдугаар сард бэлэн болно гэж Маск амласан байна. Нийт $3 тэрбумын хөрөнгөтэй гэгддэг Маезава уг аялалд хэдийг төлөх болсон нь тодорхойгүй байгаа юм.

SpaceX-ээс гадна Амазоны Жэф Безосын байгуулсан Blue Origin, Британий тэрбумтан Ричард Брэнсоны байгуулсан Virgin Galactic компаниуд сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр өрсөлдөцгөөж байна.

Анхны аялал өртөг өндөр болох тул тэдний анхны үйлчлүүлэгчид нь баян чинээлэг хүмүүс байх юм. Тухайлбал Virgin Galactic-ийн нам тойрог замын (sub-orbital) нислэгт жүжигчин Леонардо Ди Каприо, поп од Жастин Бибер нар бүртгүүлээд байгаа гэгддэг. 90 минутын ийм нислэгийн үнэ $250,000 ажээ.

Ижил нам орбитод аялах Blue Origin-ий нислэгийн үнэ $200,000-$300,000 орчим байна гэж эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ SpaceX-ийн аялал нь сар хүрэх, цаашлаад Ангарагт гарагт хүрэх зорилготойгоороо ялгаатай.

 

Эх сурвалж: Reuters