Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Далай лам Буддистуудын дунд бэлгийн хүчирхийлэл, дарамт байгааг хүлээн зөвшөөрчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Европын орнуудад айлчилж байгаа Төвдийн Буддын шашны тэргүүн Далай лам өнгөрсөн Бямба гарагт Нидерландын телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Буддын шашны хуврагуудын дунд бэлгийн дарамт, хүчирхийлэл байдгийг олон жилийн өмнөөс мэдэж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Урд өдөр нь тэр ийм үйлдлийн хохирогч болсон Нидерландын дөрвөн иргэнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон юм байна.

Тэдний нэг Оане Бижлсма буддын шашны “Lion’s Roar” сэтгүүлд ярихдаа Далай лам хохирогчдыг зоригтой ил гарч, асуудлыг хөндсөнд талархаад “Та бүхэн надад зэвсэг өглөө” гэж хэлсэн гэнэ.

Далай лам бас тэдний тавьсан хүсэлтийг хүлээн авч, асуудалд анхаарлаа хандуулахаа амласан байна.

Үүнээс өмнө Буддын шашны лам багш нарт хүчирхийлүүлж, хохирсон хүмүүс Далай ламд шаардлага хүргэхийн тулд #MeTooGuru хаштагтай хөдөлгөөн өрнүүлж, 1,850 орчим хүн нэгдээд байжээ.

Тэдний гаргаж өгсөн шаардлагад Далай ламаас хэд хэдэн арга хэмжээ авч өгөхийг хүссэн байгаа гэнэ. Шаардлагуудын дотор ирэх арваннэгдүгээр сард Дарамсалад болох Төвдийн буддын шашны гол төлөөлөгчдийн чуулган дээр бэлгийн хүчирхийлэл, дарамтын асуудлыг хөндөж, хэлэлцэхийг хүссэн байна.

Бас гэмт хэрэг үйлдсэн Буддын шашны лам хуврагуудыг зарлаж, энгийн иргэний нэгэн адил хуулийн байгууллагаар шалгуулахыг Далай ламаас хүссэн гэнэ.

Дээрх шаардлагуудыг Далай лам нааштайгаар хүлээн авсныг Бижлсма ярьжээ.

Телевизийн ярилцлагадаа Далай лам ийм явдал байгааг яагаад 20 гаруй жилийн турш ил гаргалгүй нууж ирснээ тайлбарлаагүй байна. Гэхдээ тэр ийм хэрэг үйлдсэн хүмүүс Буддын шашны сургаалийг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрч Дарамсалад болох чуулганы үеэр хэлэлцэнэ гэж амлажээ. Далай лам “шашны тэргүүнүүд энэ асуудалд илүү их анхаарал хандуулах ёстой” гэж ярилцлагын үеэр хэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Католик сүм хийдүүдийн дотор нуугдаж байсан бэлгийн хүчирхийллийн хэргүүд ил гарч эхэлсэн ч шашны тэргүүнүүд нь нуун дарагдуулж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин Буддын шашны ертөнцөд энэ асуудал төдийлөн их яригдалгүй өнөөдрийг хүрсэн юм. Далай лам уг асуудалд эхнээсээ нээлттэй хандаж байгаа нь Буддистууд Католикуудаас өөр аргаар ажиллаж магадгүй гэсэн найдлагыг төрүүлж байна.

 

Эх сурвалж: Quartz