Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Марубени дахин нүүрсний цахилгаан станц байгуулахгүй болж байгааг зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Японы Никкей сонинд мэдээлснээр Японы эрчим хүчний технологийн томоохон компани Марубени дахин нүүрсээр ажилладаг цахилгаан станц бүтээн байгуулахгүй болж, 2030 он хүртэл нүүрстэй холбоотой бүх хөрөнгийнхөө эзэмшлийг тал хувиар бууруулах шийдвэр гаргажээ.

Салбарын шинжээчид энэ алхмыг “2018 онд болсон эрчим хүчний шилжилтийн томоохон үйл явдал” гэж онцолсон байна.

Тус компани одоогоор нийт 3.5 ГигаВатт багтаамжтай нүүрсний цахилгаан станцын өмчтэй, цаашлаад 13.6 ГигаВатт багтаамжтай станцууд байгуулах төлөвлөгөөтэй байжээ. Ингэснээр Марубени нь дэлхийн топ 120 цахилгаан станц бүтээн босгогчийн 11 дүгээрт жагсаж байгааг Германы Urgewald байгаль орчны байгууллага мэдээлсэн байна.

Нүүрснээс татгалзсаныхаа дараа Марубени сэргээгдэх эрчим хүчний эзэмшлээ 10 хувиас 20 хувь болгон нэмэгдүүлж, нүүрсний салбарын ажилчдаа сэргээгдэх эрчим хүчний салбарт шилжүүлэн ажиллуулахаар болжээ.

Сүүлийн үед банк, санхүүгийн байгууллагууд Марубенид шахалт үзүүлж, нүүрстэй холбоотой төслүүдийг нь санхүүжүүлэхээс татгалзах болсон нь үүнд нөлөөлсөн гэж үзэж байна. Тус компанийн нүүрсний эрчим хүчний эзэмшил нийт өмчийнх нь 11 хувь байжээ.

Марубенигийн шилжилт дэлхийн дулаарлыг хязгаарлах үйлсэд том үлгэр дууриал болж байна. Одоо дэлхийн хамгийн том нүүрсний станц бүтээн босгогчид нь Хятад болон Энэтхэгийн компаниуд байгаа юм.

Тэд нүүрсний салбарт асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа тул ойрын үед сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл рүү бүрмөсөн шилжихгүй гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: Nikkei