Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойг геологичид нээсэн, одоо Хармагтайг нээж байна

Д.Дорж, Үндэсний шуудан
2018 оны 9 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
БАЯЛГИЙН ҮҮЦИЙГ НЭЭГЧИД

Ингэж сүртэй цоллочихлоор геологичид Монголын газар доорх баялгийг харийнханд зааж өгсөн үйлийн үрийг таригчид гэж ойлгогдоно. Эх орныхоо хөгжил дэвшлийг чирч буй уул уурхайн салбар өдий зэрэгтэй хөгжсөн гэж үзвэл, эсрэгээрээ гавьяатнууд болж таарна. Гэхдээ энэ удаад Монгол Улсын эдийн засаг .нэг тэрбум ам.доллараас 10 гаруй тэрбум болж, 10 дахин тэлэхэд уур уурхайн салбар голлох үүрэг гүйцэтгэсэн нь бодит үнэн, геологичдын хөдөлмөрийн үр дүн учраас тэднийг “баялгийн үүцийг нээгчид” хэмээн тодорхойлчихъё. Энгийнээр бол Менделеевийн үелэх системийн элементүүдийн нэршлээр өөр хоорондоо ярилцдаг, чулуу л харагдвал аваад цүнхэлчихдэг хүмүүс бол тэд.

Бас үр хүүхдээ хэлд, хөлд орохыг үздэггүй, жилийн дөрвөн улирлын гуравт нь гэртээ тогтдоггүй, халуунд халж, хөдөө хөхөрдөг мэргэжил бол геологич юм. Ийм мэргэжилтнүүд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт ерөнхий эрэл буюу баялгийн үүцийг нээх анхан шатны ажил хийж байна. Геологи судалгааны “Гео Эрин” компани улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг нутгийн газарт ил гарсан чулуулгаас дээж авч, масштаб нь 1:50,000 харьцаатай зураглал хийхээр томилогдоод буй.

Ажил амьдралын гараагаа геологийн салбараас эхэлж буй залуус хоорондоо 500 метрийн зай барин өглөөнөөс орой болтол нэг шугамд алхаж, авсан дээжээ нэг нэгэнгүй тэмдэглэн үлдэхийг масштаб нь 1:50,000 харьцаатай геологийн зураглал гэж тайлбарлаж болно. Ерөнхийдөө тухайн газарт агуулагдаж буй эрдэсжилтийг тогтоох геологийн анхан шатны судалгаа ингэж зураглахаас эхэлдэг. Монгол Улс 2016 оны байдлаар газар нутгийнхаа 37 хувийг 1:50,000 геологийн зураглалаар судлаад байгаа бөгөөд 2020 он гэхэд 45 хувьд зорилт тавиад байгаа.

Энэхүү үйл ажиллагаагаар тухайн газрын хэвлий дэх баялгийг олж нээхээс гадна ургамлын нөөц, усанд агуулагдаж буй химийн элементүүдийг хүртэл тодорхойлдог ач холбогдолтой судалгаа юм. Үүнээс гадна эрэл үнэлгээ, нарийвчилсан, ашиглалтын хайгуул зэргээр 10-аад шатны геологийн судалгаа шинжилгээ өрнөсний дараа ашигт малтмалын орд илэрвэл, ухаж ашиглахад наад зах нь 10 жил, цаад хугацаа нь 20-30 жил гэдгийг Оюутолгой, Тавантолгойн жишээнээс харж болно.

ХАРМАГТАЙ ОРД БУЮУ ШИНЭ ҮҮЦ

Үргэлжлүүлээд, Эрдэнэт, Оюутолгойн адилаар дэлхийд өрсөлдөх зэс, алтны үүц гэгдэх болсон Хармагтайн ордын талаар өгүүлье. Зарим хэвлэлээр Хармагтайн зэс алтыг өнөө маргаашгүй ухаад төнхчих мэтээр элдэв ташаа мэдээлж байсан нь саяхан. Тэгвэл газар дээрээ хэдэн өрөм тавьснаас өөр зүйлгүй юм. Хэдэн геологич залуус дээж авч, лабораторид хүргүүлсэн нөхцөл байдалтай угтсан. Хармагтай ордын ойролцоо 7-8 км-т “Геологийн судалгааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрынхан геологийн эрэл үнэлгээний үе шат буюу анхан шатны зураглалын дагуу байгалийн баялаг байгаа эсэхийг тогтоох геологийн дараагийн шатны хайгуул хийж байна.

“Анхан шатны зураглалуудын дагуу энд зэс, алтны төрлийн хүдэржилт байх боломжтой гэж үзээд өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн долоодугаар сараас эрлийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Одоогийн байдлаар 500 метр хүртэлх гүнтэй найман цооног өрөмдөөд байгаа. Урьдчилсан лаборатори болон хээрийн судалгааны үр дүнд алт, зэсийн агуулгууд харьцангуй өндөр гарсан. Тухайлбал, нэг тоннд 30 гр алтны агуулгатай гэж тооцоологдсон.

Нийт нөөцийн хэмжээ эцсийн шинжилгээ, судалгааны үр дүнд гарна” гэх мэдээллийг судалгааны багийн ахлагч Д.Төрмагнай өгсөн. Тэдний гүйцэтгэж буй геологийн эрэл үнэлгээ нь Монгол Улс өөрийн хөрөнгөөр 30 жилийн дараа сэргээн хийж буй онцлох ажил гэдгийг тэрбээр чухалчлав. Учир нь Монгол Улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, өөрсдөө нөөцийг нь тогтоосон ордыг стратегийн ангилалд багтааж ирсэн. Үүний тулд өрөм тавьж, гарсан дээжээ лабораторийн нарийн шинжилгээгээр батлах шаардлагатай.

Нэг метр өрөмдөхөд 100 ам.доллар зарцуулдаг гэж бодвол нэг цооногийн 500 метр гүнд 50,000 долларын зардал гардаг байх нь. Бүтэн орд нээж илрүүлэхийн тулд хэдэн зуун цооног ч өрөмдөх тохиолдол бий гэнэ. Тиймээс уул уурхайн суурь буюу геологийн хайгуул нь салбартаа эрсдэлтэй бизнест тооцогддог байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс сая сая ам.долларыг өрөмний үзүүрт хатгаад газрын гүн рүү урсгадаг. Олон сая ам.доллар өрмийн үзүүрт хийж нүх болгоод юу ч илрэхгүй бол “хохино” болно.

Бүр хайгуулын компаниудын 90 гаруй хувь нь шатдаг гэх статистик ч байдаг аж. Иймд татвар төлөгчдийн хөлсөөр хийж хайгуулын ажил нь бүтэлгүйтэх вий гэхээс эмээж буйгаа хайгуулын ангийнхан нуусангүй. Нөгөө талаар дараагийн Оюутолгойг нээж чадвал улсдаа оруулах хөрөнгө оруулалт нь зардлаа мянга дахин үржүүлэх нь ойлгомжтой.

ХАРМАГТАЙН БОДИТ НӨӨЦ

Хармагтайн үндсэн ордод Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнс" компани хайгуулын ажил гүйцэтгэж байна. Туршлагатай геологичдын хэлж буйгаар Хармагтай орд нь Өмнөд Монголын зэс, алтны судал буюу Өмнөговь аймаг дахь Оюутолгой болон Дорноговийн Цагаан суваргын ордуудтай нэг бүлэгт хамаардаг аж. Энэ утгаар нь Оюутолгой, Цагаансуваргатай холбон ойлгож болохгүй гэнэ. Тухайлбал, “Занаду майнс” компанийн лицензийн талбайд илэрсэн нөөц Оюутолгойн ордоос 15 дахин бага.

Нарийн мэдээллээр бол 600 гаруй мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэйг тогтоожээ. Энэ нь хайгуулын эцсийн үр дүн биш бөгөөд хайгуулын ажил өндөрлөж, Эрдэс баялгийн зөвлөл баталгаажуулсан цаг Хармагтай ордын бодит нөөц тодорхой болно. Гэтэл Оюутолгой ордын олборлолтын нөөц нь 3.3 тэрбум тонн хүдэр, 31.1 сая тонн зэс, 1,328 тонн алт, 7,601 тонн мөнгө, 81,600 тонн молибдени гэдэг Хармагтайн ордтой харьцуулшгүй дүн баталгаажсан юм.

Түүнчлэн Хармагтайн зэсийн дундаж агуулга нь 0.34 хувь байхад Оюутолгой ордод 1.1 хувьтай гарч байжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн ойрын дэд бүтэц буюу Цогтцэций сумаас 100 орчим км-т алслагдсан нөхцөл байдалд дээрх зэсийн агуулгаар эдийн засгийн хувьд ашигтай ажиллах эсэхийг нарийвчилсан ТЭЗҮ хийж байж тодруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. “Занаду майнс” компани геологийн судалгааны сүүлийн шат буюу нөөцөө нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа юм.

Одоогийн байдлаар газрын гүн рүү 300 гаруй метр хүртэл өрөмдөж байгаа бөгөөд хамгийн гүндээ 1,400 хүртэл метрээс дээж авсан талаар “Занаду майнс” компанийн геологийн ангийнхан танилцууллаа. Хармагтайн зэс, алтны ордыг 1993 онд анх Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн байдаг. Хайгуулын лицензийг 2002 онд “Айванхоу майнс" компани өөрийн охин компани “Оюут Улаан”-д шилжүүлсэн. 2013 онд Хармагтай ордын нөөц нь тогтоогдож “Занаду Майнс” компани “А” буюу ашиглалтын лицензтэй болжээ.

Ерөнхийдөө дээр өгүүлсэн геологийн судалгааны гурван шатлалаар ашигт малтмалын ордуудыг илрүүлж нээдэг юм байна. Энэ л жишгээр Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойг геологичид илрүүлсэн. Одоо ч Хармагтайн нөөцийг бүрэн тогтоохоор ажиллаж байна. Харин ордыг бүрэн нээж илрүүлсний дараа буюу олборлож, ашиглах нь өөр асуудал.

Зураг