Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ ирэх долоо хоногоос Хятадын $200 тэрбумын бараанд импортын татвар ноогдуулж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн үдэш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын $200 тэрбумын дүнтэй импортын бараанд 10 хувийн татвар ноогдуулж эхлэх хугацааг есдүгээр сарын 24-ний өдөр гэж зарлалаа.

Тэрээр энэ арга хэмжээгээ “АНУ-ын эдийн засгийн эрүүл саруул байдал, хөгжил цэцэглэлтэд урт хугацааны турш аюул занал учруулж байсны хариу” гэж тайлбарлажээ.

Вашингтоны засаг захиргаа өнгөрсөн долоо, наймдугаар саруудад нийтдээ $50 тэрбумын дүнтэй Хятад бараа бүтээгдэхүүнд 25 хүртэл хувийн импортын татвар оноосон нь “худалдааны дайн”-ы нэгдүгээр үе шат байв.

Өчигдрийн мэдэгдлийнхээ дараа Трамп “хэрвээ Хятадын тал хариу хориг арга хэмжээ авбал бид даруй гурав дахь шатны алхам руугаа шилжиж, дахин $267 тэрбумын бараанд нь импортын татвар онооно” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Хэрвээ ингэвэл Хятадаас АНУ-д экспортлодог бүх бараа импортын өндөр татвартай болох юм. Гэхдээ онцгой 300 бараа бүтээгдэхүүнийг энэ бүх арга хэмжээний дараа ямар нэг татваргүй үлдээхээр болжээ.

Эдгээр барааны жагсаалтыг гаргахдаа АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн газар олон нийтээс санал авч шийдсэн юм.

Татваргүй АНУ-д нэвтрэх онцгой бүтээгдэхүүнүүдэд ухаалаг бугуйн цагнууд (smartwatches), Bluetooth төхөөрөмжүүд, химийн зарим түүхий эдүүд, унадаг дугуйн дуулга, машины хүүхдийн суудал, хүүхдийн сандал зэрэг эрүүл мэнд, аюулгүй байдлын бүтээгдэхүүнүүд багтжээ.

Тодруулбал Apple Watch, Fitbit зэрэг бараанууд татвараас чөлөөлөгдөж байна.

Вашингтоны албаны эх сурвалжийн мэдээлснээр АНУ-Хятадын төлөөлөгчид худалдааны асуудлаар хэлэлцэж байгаа ч Хятадын тал буулт хийхгүй байгаа тул хоёрдугаар шатны арга хэмжээг авсан гэнэ. Хэрвээ энэ байдал хэвээр үргэлжилбэл гурав дахь шат руу шилжинэ гэжээ.

 

Эх сурвалж: Quartz