Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Кенийн тамирчин марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг 50 жилд бүртгэгдээгүй хол зөрүүгээр тогтоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Берлин хотноо болсон марафон гүйлтийн тэмцээнд Кенийн тамирчин Элиуд Кипчоге түрүүлж, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо.

Одоо 33 настай тэрээр 2 цаг, 1 минут, 39 секундэд замаа дуусгаж, 2014 онд нутаг нэгт Деннис Киметтогийн тогтоосон дээд амжилтыг бүтэн нэг минут, 18 секундээр ахиулжээ. Зохион байгуулагчид эхлээд шинэ дээд амжилтыг 2 цаг, 1 минут, 40 секунд гэж бүртгэсэн ч дараа нь нэг секундыг хассан байна.

Ингэснээр 1967 онд Дерек Клэйтон өмнөх дээд амжилтыг 2 минут, 24 секундээр ахиулж байснаас хойш хамгийн хол зөрүүгээр тогтоосон дээд амжилт болж байгаа юм.

Кипчоге “Энэ өдрийг үгээр илэрхийлэх арга алга. Хоёр удаа алдаж болох ч гурав дахаа алдаж болохгүй гэсэн үг байдаг” гэж ярьсан нь дэлхийн дээд амжилтыг эвдэх түүний өмнөх хоёр оролдлого бүтэлгүй болсныг хэлсэн хэрэг байв.

Кипочегийн дараагийн тамирчин, анх удаа Берлинд уралдаж байгаа Амос Кипруто 2 цаг, 6 минут, 23 секундээр барианд оржээ.

Өчигдөр бас Кенийн тамирчин 35 настай Гладис Чероно эмэгтэйчүүдийн уралдаанд 2 цаг, 18 минут, 11 секундээр түрүүлж, Берлиний марафоны дээд амжилтыг шинэчилсэн байна. 

Тус тэмцээний өмнөх дээд амжилтыг 13 жилийн өмнө Японы Мизуки Ногучи тогтоож байсан юм.

Берлиний энэ жилийн марафонд 133 улсын 44,389 тамирчин оролцжээ.

 

Эх сурвалж: Associated Press