Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Дөрвөн цаг галлаж байж генераторыг дахин ажиллууллаа. УЦС-тай байсан бол товчлуур дараад л болох байсан

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн амралтын өдөр ТЭЦ-4 дээр гарсан аваарын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

ТЭЦ-4-т өнгөрсөн хавар мөн осол гарсан бөгөөд аюулгүй ажиллагааг хангаж чадаагүй ерөнхий инженертэй нь хариуцлага тооцох талаар ЭХЯ-наас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй байтал ийнхүү дахин маш том осол болсныг салбарын сайд тайлбарлалаа.

Тийм учраас станцуудыг яамны мэдэлд авч, яам хариуцлагаа хүлээдэг болж, бие даасан эрчим хүчний бие даасан байдаг чухал байгааг тэрбээр дурдаад “Эрчим хүчний сүлжээнд ийм савалт үүсэх учраас би нар, салхины эрчим хүчийг хязгаарлаж, Багануурын цахилгаан станцыг 150 мВт-тай байлгах шаардлага тавьсан. Наргүй болж, салхи зогсоход эрчим хүч дагаад унана. Багануур 350 мВт-аар баригдвал тэр станцад доголдол гарахад яг саяынх шиг бүх систем дагаад унах учраас эсэргүүцээд байгаа юм. Тиймээс яаралтай усан цахилгаан станцаа эрчимжүүлэх хэрэгтэй. Усан цахилгаан станцтай байсан бол бид товчлуур дараад л эрчим хүчээр хангах байсан. Гэтэл саяын ослоор 4 цагийн турш галлаж байж генераторыг дахин ажиллуулсан. УЦС-тай байсан бол товчлуур дараад л болох байсан. ОХУ-ын нөөц шугамтай тулдаа л хэрэглээг зохицуулж байна” гэсэн юм. 

Энэ салбарт тулгамдаад байгаа гол асуудал нь цахилгаан станцуудын удирдлагыг томилж, чөлөөлж, санхүүг нь батлах эрх үүрэг ТӨБЗГ-т байгаатай холбоотой гэнэ. Учир нь үүнээс болж мэргэжлийн бус хүмүүс салбарыг удирдаж, хариуцлага хүлээхгүй яваа нь ийм байдалд хүргэх нэг шалтгаан гэж үзэж байгаа аж. Түүнээс гадна станцуудын тоног төхөөрөмжийн насжилт үнэхээр хуучирсан байгааг сайд дурдлаа. Цаашид Амгалангийн дулааны станцыг цахилгаан үйлдвэрлэдэг болгон өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний зөв бодлогоор ажиллах ёстойг мөн хэлэв. 

Ингээд ЭХ-ий сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Та салбарын сайдын энэ ажлуудыг хийх ёстой биш үү?

-Бид яриад, хийгээд л явж байна. Жишээ нь, бид нарны эрчим хүчний 21 компанийн ажлыг зогсооход над руу дайрч байна шүү дээ. Би нэг ч ширхэг ч лиценз олгоогүй байгаа. Миний өмнөх хүмүүс 1500 мВт-ын зөвшөөрөл өгчихсөн байгаа юм. Нар, салхины эрчим хүч 300 мВт-аас дээш хэтэрч болохгүй учраас би зогсоосон. Багануурыг мөн зогсоосон. 350 мВт-ыг 150, 150 болго гэхэд эсэргүүцээд л байгаа. Тэгэхгүй бол эрчим хүчний системд савалгаа үүсэх байхгүй юу.

-ТЭЦ-4-ийн ослын шалтгааныг залруулж дууссан уу? 

-Аваараас үүдэн хоёр генератор дээр гэмтэл гарсан. Тэрийг нягталж үзэх ёстой. Өнөөдөр гурван генератор ажиллаж байна. Маргааш дөрөв дэх генераторыг ажиллуулна. Уг нь сая ТЭЦ-4 дээр дөрвөн генераторыг өргөтгөх ажил эхэлчихсэн, ОХУ-ын мэргэжилтнүүд ирчихсэн ажиллаж байтал харамсалтай нь ийм осол боллоо. Тийм болохоор шинэчлэлийн ажлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. 

-Аваартай холбоотой хэдий хэмжээний хохирол учраад байна вэ?

-Тодорхойлоход түвэгтэй. Жишээ нь, талх үйлдвэрлэж байсан газар 2-3 цаг саатахаар тэр болгон хохирол болж таарна. Станцын хувьд тоног төхөөрөмж гэмтсэн асуудал байхгүй учраас дотоод боломжоо ашиглан асуудлыг шийдэж байгаа. 

-Халаалт өгөх ажил зарим газар байхгүй байна. Энэ нь ДЦС-4-ийн осолтой холбоотой юу?

-Аваарсаас болсон зүйл байхгүй. Цаг хугацаа нь л давхцаж таарснаас биш үүнээс шалтгаалаагүй. 

-Хүйтний улиралд эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Цаашдын аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хэрхэн хангах вэ. Дахин ийм осол гарах эрсдэл бий юү?

-Дахин ийм осол гаргахгүйн төлөө ажиллах ёстой. Хүйтний улиралд ийм зүйл болбол Улаанбаатар хөлдөнө. Тиймээс л цэгцлэх гээд байна. 

Техникийн хувьд шинэчлэх шаардлага байгаа учраас бид ОХУ-аас зээл аваад, дөрвөн генераторын засварыг эхлүүлж байсан юм. Гэтэл ийм осол болсон тул өвлийн ачааллыг давахын тулд засвар шинэчлэлийг түр зогсоохоос аргагүй болж байна л даа. Генераторуудын насжилтын хугацаа дуусчихсан, үнэхээр муу байгаа. 

-Та бүрэн эрхийнхээ хугацаанд энэ салбарт ямар шинэчлэл хийх вэ?

-Нар, салхины цахилгаан эрчим хүчийг цэгцэлнэ. Энэ нь 300 мВт-аас хэзээ ч хэтэрч болохгүй. 100 мВт-ын батерей хуримтлууртай болно. Ингэснээр 18:00-21:00 цагийн хоорон үүсдэг ачааллыг зохицуулах боломж бүрдэнэ. Багануурын 350 мВт-ын генераторыг 150, 150 болгоно. Төрийн өмчийн компаниудыг яамны мэдэлд авья гэж байгаа. ТӨБЗГ-т бүх эрх мэдэл байгаа тул бид бичиг явуулахаас хэтрэхгүй сууж байна. 

Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станцын ажлыг Хятадын талтай хамтраад эрчимжүүлнэ. Тэгж байж хараат бус болно. Эрчим хүчний системийг бизнесийн нүдээр харж болохгүй.