Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургуулиуд кредитээ харилцан зөвшөөрснөөр, оюутнууд сургууль хамаарахгүй хичээлээ сонгон үзэх боломжтой"

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

"Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030"-д тусгасан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг биелүүлэх зорилгоор “Судалгаанд суурилсан их сургуулийн үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн Газар баталсан билээ.

Тус хөтөлбөрийн нэг хэсэг болох “Монголын их дээд сургуулиуд кредит харилцан зөвшөөрөх, оюутан мобилити тогтолцоо” санаачлагыг эхлүүлэхээр боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариуболд, Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн захирал, Профессор Ч.Ганзориг, Монгол Германы хамтарсан технологийн их сургуулийн захирал, Доктор Н.Дорждэрэм нар өнөөдөр хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Оюутан мобилити тогтолцооны мөн чанар нь оюутан залууст өөрийн хүссэн мэргэжил, чиглэлээр хэрхэн, хэзээ, яаж суралцаж үр дүнд хүрэх хариуцлагатай сонголт хийх эрх чөлөөг нь олгосноор “Уламжлалт оюутныг” бие даан насан туршид суралцах чадвартай “Чөлөөт оюутанг” бий болгоход оршиж байгаа талаар санаачлагчид онцлов.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд “Боловсролын байгууллагын эцсийн гол зорилго бол чанартай боловсролоор дамжуулан сайн мэргэжилтнийг бэлтгэх байдаг. Бидний баталж буй хөтөлбөрөөр дамжуулан их, дээд сургуулиудын оюутнууд зөвхөн өөрийн сургууль дээрээ хичээлээ үзэж, кредитээ цуглуулаад явдаг байсан бол өнөөдрөөс эхлэн гэрээнд гарын үсэг зурсан сургуулиуд кредитээ харилцан зөвшөөрснөөр, оюутнууд өөрсдөө хамгийн чанартай гэж үзэж буй сургалтын хөтөлбөрийг, сургууль хамаарахгүй сонгон хичээлээ үзэх боломж бүрдэж байна" гэлээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг "Дэлхийн ихэнх улсуудад “Академик мобилити” гэх хөтөлбөр хэрэгждэг. Үүний нэг нь оюутны шилжилт хөдөлгөөнийг дэмждэг “Студент Мобилити” хөтөлбөр юм. Эдгээр хөтөлбөрт мөн багш солилцооны хөтөлбөр багтдаг. Монгол Улсын дээд боловсролын салбарт багш нарын хүрэлцээ дутмаг байгаа гэж хэлж болно. Тийм учраас сайн багш нарын нөөц боломжийг их дээд сургуулиудын салбар дунд ашиглах боломж үүсэж байна” гэж мэдээлсэн юм.

Одоогоор зөвхөн мэргэжил ижил Шинэ Монгол Технологийн дээд сургууль болон Монгол Германы хамтарсан Технологийн их сургуулийн хооронд хэрэгжиж эхэлж байгаа ба хэрэв улсын их дээд сургуулиуд энэ тал дээр нэгдэн саналаа гаргавал хэрэгжүүлэх бүрэн боломжтойг хөтөлбөр санаачлагчид онцоллоо.

Энэхүү санаачилгыг Боловсрол, соёл, Шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа болон бусад албаны төлөөлөгч нар цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлж, бусад их дээд сургуулиудыг тус санаачилгын хүрээнд хамтран ажиллахыг уриалаад байна.