Монгол Улсад албан айлчлал хийж байгаа АНУ-ын Конгрессын танхимын гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны Ази, номхон далайн дэд хорооны дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо болон Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Элизабет Эсти, Том Гарретт, Бүбен Кихүэн нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, хоёр улсын эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болоод тус улсын Конгресст хэлэлцүүлж буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар ярилцлаа.
Мөн Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь компакт гэрээ 350 сая ам.долларын дүнтэйгээр гарын үсэг зурагдаж хүчин төгөлдөр болсныг талууд сайшаан тэмдэглэсэн юм.
Талууд Монгол Улсад хөгжиж буй ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж болон хоёр улсын батлан хамгаалах салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА