Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Азийн нүүрсний зах зээлийг "атгана"

ikon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

- ОХУ Азийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезийг ардаа орхихоор байна -

ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж”, Австрали, Индонез гэх мэт хүчирхэг нийлүүлэгчдийг ардаа орхиход бэлэн болжээ. Энэ талаар Nikkei Asian Review агентлаг өчигдөр мэдээлсэн байна. 

Өнгөрсөн сард ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэл хийхдээ “ОХУ 2025 он гэхэд Азийн орнуудад нийлүүлэх нүүрсний импортоо одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлж, 200 сая тоннд хүргэнэ” гэсэн юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа эрчтэй тэлнэ гэсэн бөгөөд Транс сибирийн төмөр зам, боомтын дэд бүтцүүдэд хөрөнгө хаяна гэдгээ мэдэгдсэн. 

Түрүүчээсээ Оросын нүүрсний “магнат” СУЭК компани Алс дорнодын Ванино боомтод томоохон өргөтгөл хийж байгаа бөгөөд энэ жил л гэхэд уг боомтоор 20 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байна. Цаашлаад боомтын экспортын хүчин чадлыг 40 сая тонн хүргэх бөгөөд БНХАУ-аас гадна Япон, Солонгос, зүүн өмнөд Азийн орнууд руу экспортоо тэлэх аж.

Азийн орнууд хаа хол байгаа Австрали гэхээсээ илүү ОХУ-аас нүүрс авбал зардал бага тусна гэж СУЭК-ийн удирдлагууд мэдэгдсэн байна. 

Олон улсын Эрчим хүчний агентлагийн судалгаанаас харахад, Европын орнуудад нүүрсний хэрэглээ аажмаар багасч байгаа бол Хятад, Энэтхэгт нүүрсний хэрэглээ өссөөр байна. 2017 онд дэлхийн нүүрс олборлолт 3% өсч, 7.55 тэрбум тонн хүрсэн. Энэ дунд Хятадын нүүрсний хэрэглээ 0.4% өссөн байхад Энэтхэгийнх 4.4% өсчээ. Энэ боломжийг ОХУ тултал нь ашиглана гэж тооцоолж байгаа аж. 

Ерөнхийд нь дүгнэхэд, ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж” байгаа бөгөөд Австрали, Индонез гэх мэт хуучны “акул” орнууд ч өрсөлдөөнд шахагдаж тун болзошгүй байна. 

 

Эх сурвалж: Nikkei Asian Review