Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Супер хар салхи “Манхут” Хонг Конгийг дайрлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Азийн зүүн хэсгээр тэнүүчилж байгаа Манхут нэртэй супер хар салхи Филиппиний хойд хэсгийг сүйтгэснийхээ дараа Ням гарагт Хонг Конг болон Хятадын өмнөд эрэгт хүрчээ.

Филиппинээр дайрахдаа доод тал нь 64 хүний амийг бүрэлгэсэн салхи Хонг Конгийн нисэх буудлуудыг хааж, 500 гаруй нислэгийг цуцалснаас 100,000 зорчигчийн аялалыг саатуулсан байна.

Макао хотын казинонууд хаагдаж, 20,000 өрх цахилгаангүй болжээ. Хонг Конгийн эрх баригчид гамшгийн түвшнийг 10 гэсэн оноогоор үнэлсэн нь хамгийн дээд хэмжээ юм.

Тус хотын иргэд аварга том моднууд үндсээрээ булгарч байгаа, офис цамхагуудын шилэн хана хагарч, бичиг цааснууд хийсч байгаа, ачааны машин салхинд онхолдож байгаа зэрэг дүрснүүдийг сошиал сүлжээнд хуваалцжээ.

Манхутын салхины хурд 195 км/цаг хүрсэн нь 1979 онд тохиолдсон Хоп хар салхинаас хойшх хамгийн хүчтэйд тооцогдож байна.

Хэдийгээр хүний амь үрэгдсэн тухай мэдээлэл одоогоор гараагүй ч хар салхины дараах сэргээн босголтод Хонг Конгчууд багагүй хөрөнгө хүч зарцуулахаар болоод байгаа ажээ.

Эх сурвалж: South China Morning Post