2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
18:00
S30
25°
19:00
S30
24°
20:00
S30
22°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
17°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S31
14°
04:00
S29
13°
05:00
S30
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний салбарын тэг зогсолт Багануурын станцын төслийг санагалзуулав

Б.Болор-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 9 сарын 17
Үндэсний шуудан
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилсэн эрчим хүчний системийн доголдол Багануурт цахилгаан станц байгуулах нь зөв, буруу эсэхэд хангалттай хариулт өгөх шиг боллоо. Төвийн бүсийн эрчим цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг IV цахилгаан станцад гэмтэл гарч, улмаар III станцын үйл ажиллагаанд нөлөөлснөөр нийслэл хот, төвийн таван аймагт арай ч эмх замбараагүй байдал үүссэнгүй. 1.4 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотын замын гэрлэн дохионууд унтарч, цахим гүйлгээ гацаж, улсын онцгой объектууд харанхуй суусан.

Хамгийн ноцтой нь эрчим хүчний тэг зогсолтын улмаас сэрүүний улиралд эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд халуун ус, дулаангүй хөрлөө. Энэ үйл явдал эрчим хүчний хэрэглээний 70 хувиас гадна өвөл хотын дулааны 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг IV цахилгаан станцын үйл ажиллагаанд доголдол гарснаар нийслэл хот хөлдөх хүртэл эрсдэлд хүрч болзошгүйг дарга сэтэртэй болгонд анхааруулав. IV цахилгаан станцад ямар нэгэн гэмтэл гарахад Улаанбаатар хот хөлдөх, хүн ардын амь насанд аюул заналхийлэх эрсдэлтэй гэдгийг аль 2014 онд Монгол Улсын эрсдэлийн тойм шинжилгээ тайланд өгүүлсэн байдаг. 

ХАМГИЙН ӨНДӨР АЧААЛАЛ 1,262 МВТ ХҮРЧЭЭ

Албаныхны мэдээлж байгаагаар 09.50 цагт эрчим хүч тасарч, нийслэл даяараа цахилгаангүй болсон. Ингэснээр 15.00 цагийн байдлаар УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд сэргээсэн. Харин нийслэлийн баруун хэсгээс уюу X хорооллын зарим, нэгдүгээр хороолол, Гурвалжингийн гүүр орчим, Баянхошуу, Өлзийт хороо, Шувуун фабрик орчмоор, хойд хэсгээс Тасганы овоо, Зурагт, Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа, Долоон буудал, Шадивлан, Жигжид, Гүнт орчмын хэрэглэгчдийн цахилгааныг 22.00 цагийн орчимд засварлан сэргээсэн. Тэгвэл цахилгаангүй болсны улмаас Төв цэвэрлэх байгууламж усанд автсан. Цахилгаан тасрахад бүх насосууд ажиллагаагүй болж бохир ус хальж цахилгааны шитүүд нь бохир усанд живсэн байна.

Ц.ДАВААСҮРЭН: СЭЛГЭН ЗАЛГАХ ҮЕД ТЕХНОЛОГИЙН ГОРИМ ЗӨРЧИГДСӨН

Тус гэмтлийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнөөдөр /9.15/ ДЦС-IV тэг зогссон. Түүнчлэн бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна.

Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна. Манай эрчим хүчний систем ноцтой аваар гарахад яг л ийм асуудал үүснэ. Тиймээс манай эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол эрсдэлээс хамгаалах гол арга зам гэж харж байна” хэмээн тайлбар хийсэн юм.

Харин энэ гэмтлийн үед эмнэлгийн байгууллагууд хэвийн горимд ажиллажээ. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлсэн байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бүдүүн гэдэсний хавдрын мэс засал, Улсын гуравдугаар төв эмнэлэгт бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийсэн тухай холбогдох яамнаас мэдээлэв. Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд есөн эх хэвийн амаржжээ.

Өвлийн бэлтгэл ажлыг хангах болон нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд өнгөрсөн долоо хоногт Дулааны гуравдугаар цахилгаан станц болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсан. Ингэхэд салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалт 80 хувьтай байна.

Хотын дулаан хангамжийн бэлтгэл ажилд сүлжээний шугам хоолой, хаалт арматурын засвар, сүлжээний халаагчуудын засварын ажлууд бүрэн хийгдсэн. Төлөвлөгдсөн үйлдвэрийн болон ахуйн байрны барилгын засварын ажлууд бүрэн биелэлттэй байна. Үндсэн болон туслах тоноглолын их засварууд төлөвлөлтийн дагуу хийж байлаа. 

Эрчим хүчний нэгдсэн систем өнгөрсөн өвлийн ачааллын үед хүчин чадлаа бүрэн ашигласан байдаг. Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хамгийн өндөр ачаалалтай байсан бөгөөд нийт ачаалал 1262 мВт хүрсэн. Тэгвэл өвлийн их ачааллын горимыг энэ сарын 10-нд хэлэлцэн баталсан. Ингэснээр эрчим хүчний нэгдсэн системд дулааны цахилгаан станцын 17 зуух, 15 турбин генератор ажиллаж өдрийн хамгийн их чадал 764 МВт, импортын хамгийн их чадал 105 МВт-тайгаар систем хэвийн ажиллаж байна.

Бэлтгэлд 19 зуух, найман турбин генератор бэлэн байгаа гэсэн. Өвлийн их ачааллын горимыг энэ сарын 16-наас тавдугаар сарын 15 хүртэл мөрдөн ажиллахаар болсон. Төвийн бүсийн нэгдсэн системийн хэмжээнд эхний найман сарын байдлаар цахилгаан эрчим хүчний түгээлт 3449.4 сая кВт.цаг болж, төлөвлөгөөнөөс 162.5 сая.кВт цагаар өсжээ. Энэхүү хэрэглээний өсөлтийн 78.2 сая нь “ДЦС IV”, 27.5 сая “ДЦС III”, 58.1 сая кВт.цагийг “Эрдэнэт үйлдвэр"-ийн дулааны цахилгаан станц үйлдвэрлэжээ.

Холбогдох яамны мэдээлснээр эхний найман сарын байдлаар импортоор 199.3 сая кВт цахилгаан эрчим хүч авахаар төлөвлөснөөс 185 сая кВт. цаг цахилгаан эрчим хүч авсан байна.

Ингэснээр 14.3 сая кВт.цагийг хэмнэжээ.

Экспортоор 31.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч өгөхөөр төлөвлөж байснаас 20.5 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч өгч 11.3 сая кВт.цаг-аар хэмнэсэн аж.

Б.НАСАНТОГТОХ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТ ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС ХОЁР ДАХИН нэмэгдсэн

Энэ талаар Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтохоос тодрууллаа.

-Саатлын дараах хуралдаан боллоо. Энэ үеэр ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

-Үйлдвэрийн системийг хэвийн байдалд оруулах ажил дараалал, журам, зохион байгуулалтынхаа дагуу явсан эсэх, гэмтлийн явцад ямар арга хэмжээ авсан талаар хэлэлцлээ. Цаашид өвлийн горимд яаж ажиллах уу гэдгийг мөн зөвшилцсөн. IV, V цахилгаан станц зогссон.

Станцын үйл ажиллагааг сэргээх буюу станцын тоноглолуудыг залгах ажлуудыг дарааллын дагуу хийсэн. Үндсэн тоноглолууд, зуух, генераторуудыг ажиллуулсан. Тэгж ажилласны хүчинд хязгаарлалттай байсан хэсгүүдээ цахилгаанаар бүрэн хангасан.

-Системийн ачаалал одоогоор хэр байна вэ?

-Системийн хэмжээнд дутагдал үүсэхээр үүнийгээ нөхөхийн тулд хугацаа шаарддаг. Тухайлбал, 380 орчим МВт-ын эрчим хүч үйлдвэрлэж буй станц зогсохоор тэр хэмжээний эрчим хүчээ маш хурдан болгох бололцоо Монголын эрчим хүчний системд маш хүнд байдаг. Учир нь бид импортын эрчим хүч хэрэглэдэг. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчээс шалтгаалан ачаалал нэмэгддэг. Нарны гурав, салхины хоёр станц бий.

Нийлээд 150 орчим МВт гэсэн үг. Орой 17.00 цагаас хойш нарны станцууд автоматаар эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоодог. Үүнийг нүүрсний эрчим хүчний станцууд нөхдөг. Салхины эрчим хүчний хоёр станцын суурилагдсан хүчин чадал 110 МВт. Салхийг таамаглахааргүй шүүдээ.Тэгэхээр мөн л үүнийг дулааны цахилгаан станцууд нөхөх шаардлага гардаг.

-Өвлийн ачааллын эрчим хүчний өсөлт хэдэн хувьтай байна вэ?

-Эрчим хүчний хэрэглээний өсөлт энэ онд 10 хувиар нэмэгдсэн. Өмнө жилүүдэд өвлийн үед ачаалал таван хувиар өсдөг байсан. Гэтэл энэ жил хоёр дахин нэмэгдээд байна.

-Өсөлтийн шалтгааныг тодруулахгүй юу?

-Өмнөд бүсэд уул уурхайгаас шалтгаалан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Нийслэлд ахуйн, үйлдвэрийн зэрэг олон шалтгаанаас үүдэн өсөж байна. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ ер нь өсөлттэй байгаа.

-Өсөлт ачааллыг хэрхэн даван туулах талаар горимын тооцооллууд гарсан уу?

-Гараад бүх станцуудад үүрэг өгсөн. Станцуудыг тав, тавын горимд ажиллах үүрэг өгсөн. Тухайлбал, нэг станц таван зуух, таван генератор гэдэг ч юм уу. Өмнө нь дөрөв, дөрвийн горимоор ажилладаг байсан. Өвөл болохоор дулааны цахилгаан станцууд бүх тоноглолоо явуулж байж ачааллаа давж гардаг. Нөөц тоноглолгүйгээр, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг.

-Эдийн засгийн хохирлын тооцооллыг гаргасан уу?

-Үйлдвэрлэх ёстой байсан эрчим хүчээ үйлдвэрлэж чадаагүй нь хамгийн томоохон хохирлуудын нэг. Ямар нэгэн технологийн эвдрэл, хүн гэмтэх зэрэг хохирол гараагүй.

-Өлзийт, Баянхошуу, аравдугаар хороолол гэх мэт арав гаруй газрын хэрэглэгчдийн цахилгааныг 22.00 цагийн орчимд өгсөн. Түүнээс үүдэн томоохон гэмтэл гараад, нууж байна гэх хүмүүс байсан. Үүний шалтгааныг тодруулахгүй юу?

-Тэг зогсолт хийсэн үед тоноглолууд эргээд сэргэхдээ шууд машин шиг асахгүй шүү дээ. Шат дараатай ачаалж эхэлдэг. Мөн дээд ачаалал өнгөрсний дараа автомат залгагдаад тэдгээр газрын цахилгааныг өгсөн.

-Хариуцлагын тухай яригдсан байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Эрчим хүчний холбогдолтой гэмтэл, саатал гарлаа гэхэд иргэд Эрчим хүчний яам гэх мэт холбогдох байгууллагууд руу ханддаг. Бид ч шуурхай ажиллан мэргэжлийн талаасаа шаардлагатай арга хэмжээ авдаг. Харин хариуцлагын тухайд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хамаардаг. Бид тухайн газарт саналаа өгч, хариуцлага хүлээлгэх шатандаа ордог. Тэгэхээр шийдэгдэхгүй зарим нэг асуудал гардаг юм. Манай салбарын систем маш эмзэг. Тэгэхээр цаашид ийм асуудал гаргахгүйн тулд техникийн бэлэн байдал, үзлэг шалгалтаа давхар хийх шаардлага байдаг.

Тухайн үед эрчим хүчний системд ямар нэгэн гэмтэл, доголдол үүссэн нөхцөлд орлуулах эх үүсвэр, нөөц төлөвлөгөө байхгүй байгаа нь хамгийн том эрсдэл гэдгийг тодотгож байжээ. Ялангуяа Монголын Улсын цахилгаан эрчим хүч, дулааны хэрэглээ түүхэн дээд төвшиндөө хүрсэн буюу 2017-2018 онд шилжсэн өвөл өнгөрсөн амралтын өдрийнх шиг доголдол үүссэн бол идэр есийн хүйтэнд Улаанбаатар хот гал алдах хүртэл эрсдэлд хүрэх байсан гэдгийг салбарын инженерүүд хэлж билээ.

Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1,200 МВт. Гэтэл өнгөрсөн өвөл оргил ачаалал 1081 МВт-ад хүрч аваарын байдалтай ажиллаж байв. Цахилгаан станцууд бүх хүчин чадлаараа ажиллаж, шаардлагатай тохиолдолд ОХУ-аас авч буй импортоо нэмэгдүүлж байж өвлийг өнтэй давсан. Энэ үеэр бэлтгэл зуух, турбингүй ажилласан. Өөрөөр хэлбэл, ямар гэмтэл саатал гарсан болон ОХУ-аас авч цахилгаан эрчим хүч саатсан үед нөхөх үүсвэр байхгүй нөхцөлд ажилласан гэсэн үг.

Монгол Улсын эрчим хүчний систем бие даагаагүй, эрсдэл өндөртэй гэдгийг салбарын сайдын мэдэгдлээс ч харж болно. Уг нь Багануур, Тавантолгойн нүүрсний уурхайн болон V цахилгаан станц тэргүүтэй өндөр технологийн эрчим хүч, дулааны томоохон эх үүсвэрийг бий болгохыг салбарын эрдэмтэн судлаачдын зүгээс дэмжиж суурийг нь тавиад байсан ч төрийн дэмжлэггүй гацаанд ороод байгаа юм.

Эдгээрээс Төвийн бүсийн системд хамгийн их нөлөө үзүүлэх нь Багануур, V цахилгаан станцын төслүүд. V цахилгаан станцыг байгуулах газрыг тодорхойлж чадаагүй учраас өмнө нь хийгдсэн ТЭЗҮ ямар ч ач холбогдол болж хувирсан бол Багануурын уурхайг түшиглэн байгуулах 700 МВт-ын цахилгаан станцын суурь бүтээн байгуулалтууд хэдийнээ хийгдээд эхэлчихсэн. Тиймээс хамгийн ойрын хугацаанд бодит ажил болж, эрчим хүчний системийн доголдлыг хаах ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах ач холбогдолтой чухал төсөл бол Багануурын цахилгаан станцын төсөл. Уг төслийн нийт өртөг 1.2 тэрбум ам.доллар.

Барих-ашиглах-шилжүүлэх гэрээг 2015 онд хөрөнгө оруулагч талтай үзэглэсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс 25 жилийн дараа Монголын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Технологийн хувьд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулан маневрлан ажиллах боломжтой 350 МВт-ын хоёр турбин суурилуулахаар төлөвлөж суурийг нь цутгачхаад байгаа. гэрээт хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр өөрийн мэдэлдээ авахаас гадна 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтад ямар нэг баталгаа гаргахгүй гэдгийг хатуу гэрээлчихсэн. Тодруулбал, концессын гэрээнд “Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн баталгаа шаардахгүй” гэх утга бүхий заалтыг тусгаад өгчхөж.

Мөн эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд тусгаснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 1-4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. Тав дахь жилээс хоёр блокийг тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уяан хатан нөхцөлийг зааж өгчээ. Арван жилийн дараа буюу 2028 онд блок тус бүр нь 315 МВт-аар ажиллаж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, ашиглалтад ормогцоо эрчим хүчний салбарт нийлүүлэлтийн илүүдэл үүсгэж, цахилгаан худалдаж худалдан авах талаар маргаан үзүүлэхгүй гэсэн үг. Энэ нь эрчим хүчний салбарын хөгжлийг технологийн талаас нь нэг шат ахиулах дэвшил, бас цахилгааны найдвартай аюулгүй ажиллагааг ойрын таван жилдээ хангах хэмжээний шинэ эх үүсвэр юм.

Тус станц нэг кВт цахилгааныг өнөөдөр ОХУ-аас импортолж буй цахилгааны тарифаас харьцангуй доогуур үнээр Төвийн бүсэд нийлүүлэх нөхцөл тавьсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос Багануурын цахилгаан станцын эрчим хүч борлуулах гарааны үнийг 6.3 цент байхаар баталсан. Тэгвэл 2016 оны байдлаар импортын цахилгааны дундаж тариф 8.2 цент байгаа нь Багануурын станцын нийлүүлэх үнээс хамаагүй өндөр байгааг харуулна. Нөгөө талаар Монгол Улс нүүрсээр баялаг. Тиймээс нүүрсний цахилгаан станц байгуулах нь өртгийн хувьд хямд тусдаг. Ялангуяа нүүрсний уурхайн аман дээрээ станцаа байгуулж чадвал илүү үр ашигтай.

Багануурын цахилгаан станц яг шаардлагыг хангаж буй анхны төсөл бөгөөд ашиглах 2.1 жилийн хугацаанд хамгийн ихдээ 70 сая тонн нүүрс шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл Багануурын нүүрсний уурхайд 2014 онд АНУ-ын "Nor-west”, Монголын “Эрдгео” компанийн хамтарсан консорциум геологи хайгуулын ажлыг хийж, уурхайн нүүрсний нөөцийг 274 сая тонноор өсгөж, 812 сая тонноор баталсан байдаг. Одоогоор энэ ордын аман дээрх сүндэрлэх цахилгаан станцын үндсэн бүтээн байгуулалт болох яндангийн суурь ажлуудыг хийж дуусгажээ. Станц ашиглалтад орсны дараа ашиглагдах оффисын барилга зэрэг гурван барилгын ажил 40 хувьтай баригдаж байна.

Үндсэн тоног төхөөрөмжүүд болох турбин генератор, зуухыг захиалан үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулагч талаас төсөлд 214 сая ам.доллар зарцуулжээ. Төслийн хэрэгжүүлэгч “Багануур Пауэр” компани Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр 2015 онд концессын гэрээ байгуулсан. Сүүлийн үеийн дэвшилтэт технологитой станцуудад 200-300 хүн л ажилладаг болсон шаардлагыг харгалзан Багануурын станцын ТЭЗҮ-д ашиглалтын үеийн ажилчдын тоог 300 байна гэж яс зааж оруулжээ.

Түүнээс гадна Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квотын дагуу Хятад ажилчдын тоо хязгаартай. Ашиглалтад орсноор таван жилийн дотор ажиллагсдын 90 хувь нь монголчууд ажиллана. Ажилчдын тоог ийнхүү нарийн зааж, тооцсон нь төслийн санхүүгийн үр өгөөжтэй холбоотой бөгөөд олон мянган хятад ажиллуулна гэдэг нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй хардлага аж.

Энэ мэтчилэн Багануурын цахилгаан станц ашиглалтад орсноор нийгэм, эдийн засгийн хувьд асар их үр өгөөжтэй төсөл бөгөөд хамгийн гол нь өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн доголдол цаашид учирч болзошгүй томоохон эрсдэлийг хаах ач холбогдолтой гэдэг нь харагдаж байна. Дэлхийн жишгээр цахилгаан станцын насжилтыг 30-40 жил гэж үздэг. Гэтэл манай станцууд хэдийнээ 30-50 жил настай болсон байна.

ТЭЦ II 1961 онд, ТЭЦ III 1968 онд, ТЭЦ IV 1983 онд, Дарханы станц 1965 онд, Эрдэнэтийнх 1986 онд, Дорнодынх 1969 онд, Даланзадгадынх 1980 онд тус тус ашиглалтад орж байжээ. 2020 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрүүдийн насжилт хамгийн залуу нь 35 жил, хөгшин нь 60-аас дээш гарна. Товчхондоо, тэтгэвэртээ гарчихсан техникийг аргалан ажиллуулж буйн нөлөөгөөр тэг зогсолт хийжээ. Азаар түр зуурын зогсолт үзүүлээд өнгөрч, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийг хэрхэн боломжгүй гэдгийг баталсан. Мөн өөрсдөө хийдэггүй, өрөөлөөр ч хийлгэдэггүй цахилгаан станцын төслүүдийн ач холбогдлыг эрх баригчид төдийгүй энгийн иргэдэд бодит алдагдал дээр ойлгуулах шиг боллоо.

 

Б.Болор, Д.Мягмар

Зураг
x