Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Apple Хятадыг уурлуулснаар iPhone-ий зах зээлээ алдаж магадгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ дэлхий нийтэд танилцуулсан билээ.

Энэ арга хэмжээний үеэр шинэ iPhone гар утаснуудаа худалдаанд гаргах цаг хугацааг орон орноор танилцуулсан юм. Гэтэл Тайвань, Хонг Конгийг жагсаалтад дурдахдаа Хятадын эрх баригчдын тогтоосон албан ёсны нэрээр нэрлээгүй нь асуудал үүсгэсэн байна.

Үүнээс болоод Хятадын зарим иргэд сошиал сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлж, Хятадын төрийн төв хэвлэлүүд шүүмжилж эхэлжээ.

Төрийн өмчит CCTV тус компанийн үүсгэсэн улс төрийн асуудал бүтээгдэхүүнийх нь эрэлтэд нөлөөлж магадгүйг анхааруулсан байна.

Тайвань арлыг Бээжингийн засаг захиргаа өөрийн газар нутаг хэмээн үзэж, “Хятадын Тайпэй” гэх нэрээр нэрлэхийг олон улсаас шаарддаг.

Засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конгийг бас Хятадын Хонг Конг (Hong Kong, China) гэж нэрлэхийг шаарддаг ажээ.

Гэтэл Apple компани улсуудын жагсаалтдаа эдгээр хоёр бүс нутгийг Хятадгүйгээр, тусгаар улс орнууд мэт харуулсан гэж буруутгагдаж байна.

Хятадын өдөр тутмын Beijing Daily сонин өөрийн Вэйбо хуудсандаа “Тайваний урд талд Хятад гэсэн нэрийг нэмэх нь тийм хэцүү гэж үү?” хэмээн бичжээ.

Төрийн өмчит сэтгүүл Global Times “Apple, энүүгээрээ юуг илэрхийлж байна вэ?” гэж бичсэн байна.

Apple компанийн хувьд Хятад нь маш чухал зах зээл. Мөн ихэнх бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлүүлдэг. Сүүлийн үед Хятадын хэрэглэгчид дотоодын Huawei, Xiaomi зэрэг үйлдвэрлэгчдийн гар утсыг түлхүү хэрэглэх болсноор Apple-ийн зах зээл хумигдах хандлагатай байгаа.

Хятадын зах зээлд тэргүүлэгч 5 брэндээс ганцхан гадаад үйлдвэрлэгч нь Apple болоод байгаа юм. Тиймээс тэд Хятадын эрх баригчдын шаардлагыг маш дуулгавартай хүлээн авч, дата төвөө нутаг дэвсгэрт нь байгуулж, Хятадын хэрэглэгчдийн мэдээллийг нутагт нь хадгалдаг болсон.

Ийм цаг үед нэр томьёоны маргаан үүсгэсэн нь Apple-ийн бизнест хохирол учруулж магадгүй юм.

 

Эх сурвалж: Business Insider