Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Николас Мадуро Бээжинд айлчилж, Хятад улс Венесуэльд тусламж үзүүлэхээ амлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэлэлцээр хийхээр Бээжинд айлчлан иржээ.

Венесуэль улстай харилцаагаа хөгжүүлэх нь Хятадын хувьд стратегийн шийдвэр байсан гэж Ши Жиньпин уулзалтын үеэр хэлснийг CCTV суваг мэдээлсэн байна.

Тэрээр “Хятад, Венесуэль улсууд найрсаг харилцаа, харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам сайжруулах ёстой” гэж Мадурод хандан хэлжээ.

 Мадуро энэ удаа улс орныхоо эдийн засгийг аврах эдийн засгийн дэмжлэг хүсэж ирсэн нь тодорхой. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад улс $50 тэрбумыг Венесуэльд зээлж, төлбөрийг нь газрын тосоор авч байгаа. Гэхдээ цаана нь $20 тэрбумын төлөгдөөгүй өр байгаа гэдэг.

Өчигдөр өглөө Мадуро Тяньаньмэний талбай дахь Мао Зэдуны бунханд зочлохдоо гурван удаа толгой мэхийн хүндэтгэл үзүүлж, БНХАУ-ыг үндэслэгчийг “Хүн төрөлхтний өлгий болсон улс орны их хүн” гэж магтсан байна.

Тэрээр дараа нь Хятадын ерөнхий сайд Ли Кэчяньтай уулзсан юм.

“Хятад улс Венесуэльд боломжийнхоо хэрээр туслах болно. Венесуэлийн засгийн газрын эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах үйлсийг Хятад улс дэмжин ажиллана” гэж Ли Кэчянь амласан байна.

Гэхдээ тэр бодлого, зохицуулалтаа сайжруулах, Хятадын компаниудыг Венесуэльд ажиллахад хуулийн хамгаалалт хэрэгтэй байгааг Каракасын эрх баригчдад анхааруулжээ.

Мадуро бас Хятадын гадаад хэргийн сайд Ван И, Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хорооны дарга Хэ Лифэн нартай уулзсан байна.

Хоёр орон ямар гэрээ, тохиролцоонд хүрсэн талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч Мадурог $5 тэрбумын зээл авч, үлдэгдэл өрийн төлөх хугацаагаа 6 сараар сунгуулсан үр дүнтэй нутаг буцсан гэж зарим шинжээчид таамаглаж байна.

Венесуэлийн эрх баригчид чөлөөт уналтаар уруудаж байгаа эдийн засгаа аврах бүх аргыг сүвэгчлэн ажиллаж байгаа. Энэ оны сүүлээр тус улсын инфляцийг нэг сая хувьд хүрнэ гэж ОУВС тооцоолоод байна.

Саяхан тэд үндэсний валют боливараасаа таван тэгийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3,500 хувиар өсгөсөн.

Хятад улс Өмнөд Америкийн зах зээлд нийтдээ $500 тэрбумын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм. Хятадын энэ амбиц АНУ-ын засаг захиргааг болгоомжлоход хүргэж байна.

Наймдугаар сарын 4-ний өдөр амь насанд нь халдах оролдлого гарснаас хойш Мадуро анх удаа гадаад оронд айлчилсан нь энэ юм.

 

Эх сурвалж: AFP