Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мөстлөгийн үеийн цаа буганы тугал, чонын бэлтрэгний мумми Канадаас олджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Канадын Клондайк нутаг алтаар баялаг гэгддэг бол саяхнаас хайлж буй мөнх цэвдгээс нь өөр шинэ баялаг олноор олдох болжээ.

2016 онд энэ бүс нутгаас бараг бүтнээрээ хадгалагдаж үлдсэн мөстлөгийн үеийн цаа буганы тугал, чонын бэлтрэгний цогцсыг алтны уурхайчид илрүүлж байв. Энэхүү ховор олдворыг олон нийтэд анх удаа үзүүлэх арга хэмжээ өнгөрсөн Пүрэв гарагт Юкон хязгаарын Давсон хотод болжээ.

Арьс, үс, булчингийн эд эс нь нэгэн зэрэг, бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн тохиолдол эртний амьтны олдворуудад ховор байдаг. Тэгвэл 50,000 гаруй жилийн өмнө амьдарч байсан эдгээр амьтдын хувьд дээр дурдсан бүгд маш сайн хадгалагдаж үлдсэн байна.

Чонын бэлтрэгний цогцос бүхлээрээ үлдсэн бол цаа буганы тугалны зөвхөн цээжин хэсэг нь үлджээ.

 

Орон нутгийн палеонтологич Грант Зазула “Бидний мэдэж байгаагаар энэ бол мөстлөгийн үеэс өнөөдөр бүхлээрээ үлдсэн цорын ганц чоно юм” хэмээн онцолсон байна.

Эдинбургийн их сургуулийн палеонтологич Элза Панкироли “Мөстлөгийн үеийн чонын яс Юконоос элбэг олддог. Харин арьс, үстэйгээ олдсон нь онцгой ховор тохиолдол юм. Энэ нь бидэнд мөстлөгийн үеийн амьдралыг сэргээж харах боломж олгож байна” хэмээн ярьжээ.

“Олон арван мянган жилийн өмнө амьдарч байсан амьтантай нүүр тулна гэдэг гайхалтай ховор боломж” гэж Оксфордын их сургуулийн археологийн олдворын нас тогтоох мэргэжилтэн Томас Хайхэм мөн хэлсэн байна.

Дээрх амьтад тундрын бүс нутагт арслан заан зэрэг эртний амьтадтай зэрэгцэн оршиж байсан гэгдэж байна.

Одоо эрдэмтэд генетикийн судалгаа хийж, эдгээр амьтад Канадад хаанаас ирсэн, орчин үеийн амьтадтай ямар холбоотой зэргийг тогтоох юм.

 

Эх сурвалж: The Guardian