Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Катарын эмир Туркийн ерөнхийлөгчид $400 саяын тансаг нисэх онгоц бэлэглэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Катарын Эмир Шэйх Тамим бин Хамад аль Тани тансаг ангиллын Boeing 747-8 нисэх онгоцыг Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд бэлэглэсэн тухай Туркийн төрийн суваг TRT Haber Пүрэв гарагт мэдээлжээ.

VIP ангиллын энэ хөлөг өнгөрсөн Лхагва гарагийн өглөө Истанбул хотод газардсан байна. Энэхүү нисэх онгоцны үнэ $400 сая орчим бөгөөд долоон унтлагын өрөө, хоёр хурлын танхимтай “нисдэг ордон” гэгддэг ажээ.

 

Эдийн засгийн хямралд өртөөд байгаа Туркийн эрх баригчид хэмнэлттэй амьдрахыг иргэддээ уриалсаар байгаа.

Саяхан Эрдоганы хүргэн, сангийн сайд Берат Албайрак Туркийн төрийн албан хаагчдын автомашины хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргасан юм.

Гэтэл ерөнхийлөгч өөрийн тансаглалаа хязгаарлахгүй байгааг тус улсын сөрөг хүчнийхэн шүүмжилжээ.

Одоо Туркийн засгийн газар нийт 11 тусгай зориулалтын нисэх онгоцтой болж байна. Мөн 3 нисдэг тэрэг бий.

Сүүлд 2016 онд тус улсын эрх баригчид Тунисын дарангуйлагч асан Зине Эль Абидин Бен Алигийн хэрэглэж байсан Airbus A340 VIP нисэх онгоцыг $78 саяар худалдан авч байжээ.

Гэхдээ сүүлийн онгоцыг Анкарагийн эрх баригчид мөнгө гаргалгүй, бэлгэнд авсан гэх мэдээлэл тараад байна.

Kokpit.aero сайтын мэдээлснээр Эрдоган энэхүү онгоцыг үзээд ихэд шохоорхсон тул Катарын шэйх “Эрдоган болон Турк улсад хайртай” гэдгээ харуулж, бэлэглэсэн гэнэ. Уг онгоцыг Катарчууд 2015 онд $400 саяар худалдан авч байжээ.

 

Эх сурвалж: Stockholm Center for Freedom