Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

2019 оны есдүгээр сараас хэрэглэх сайжруулсан түлшийг энэ жилээс үйлдвэрлэж эхэлнэ

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өчигдөр ээлжит бусаар хуралдлаа.

Хуралдаанаар эхлээд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээллийг холбогдох албаныхан НИТХ-ын төлөөлөгчдөд өгсөн юм. 

"Энэ жил 80 мянган тонн сайжруулсан шахмал түлш болон коксжсон нүүрсийг Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээнд нийлүүлнэ"

Түүхий нүүрсийг 2019 оны тавдугаар сарын 15-наас хот руу оруулахгүй байх Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан нүүрсийг оруулах сайжруулсан түлшний үлдвэрлэлийн талаар Хотын дарга С.Батболд мэдээлэл өгсөн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Түүхий нүүрсний хэрэглээг хорихтой холбоотойгоор зуны улиралд 600 мянган тонн сайжруулсан түлшний нөөцөө бэлдчихнэ. Сайжруулсан түлш үйлдвэрлэлийн тухайд тус бүр 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай улсын үйлдвэр нэг мөн хувийн хэвшлийн үйлдвэр нэг байгуулагдаж байна. Үлдэж байгаа 200 мянган тонныг нь хэд хэдэн компани нийлж консерциум болоод үйлдвэрлэнэ гэсэн ерөнхий тооцоо гаргачихсан байгаа.

СХД-ийн найман хороонд түүхий нүүрстэй адил үнээр сайжруулсан түлш борлуулна. 

Тус бүртээ 200 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай улсын болон хувийн үйлдвэрүүдэд төмөр замын ойролцоо газрыг нь олгосон. Үйлдвэрийн барилга ашиглалтад ороод, технологийн гормио шалгаад явж байна. Энэ үйлдвэрүүд энэ жилээс үйлдвэрлэлээ эхлээд ирэх оны есдүгээр сарын 15 гэхэд шаардлагатай түлшийг бэлэн болгосон байх ёстой. Ингээд 2019-2020 оны халаалтын улиралд Улаанбаатар хот түүхий нүүрс түлэхгүй.

Сайжруулсан түлшний түгээлтийг нийслэл хариуцаж байгаа. Томоохон хэмжээний гурван агуулах байгаа бөгөөд жижиг хэмжээний түгээлтийг хувийн хэвшилтэйгээ хамтраад хийнэ. Одоогийн нүүрс, түлээ борлуулдаг цэгүүдтэй гэрээ хийх юм" гэлээ.

Үүн дээр нэмж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тайлбар өгөхдөө "Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний хүрээнд Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байгаа. Энэ жилийн хувьд 80 мянган тонн сайжруулсан шахмал түлш болон коксжсон нүүрсийг Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээнд нийлүүлэх үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд агаарын чанарыг нь 24 цагийн туршид хэмжих боломжтой СХД-ийн хэд хэдэн хороог сонгон авч сайжруулсан түлшээ нийлүүлэхээр болоод байна. Ингэхдээ сайжруулсан түлшээ түүхий нүүрстэй ижил үнээр иргэдэд хүргэхийн тулд зөрүү мөнгийг нь БОАЖ-ын сайдын багцад тавиад өгсөн. Тэгэхээр СХД-ийн найман хороонд түүхий нүүрстэй адил үнээр сайжруулсан түлш борлуулна. 

"Бүх автобусандаа шүүлтүүр тавья гэвэл бараг 25 тэрбум төгрөг хэрэгтэй болно"

Үргэлжлүүлэн төлөөлөгчид стандартаас их утаа ялгаруулж байгаа автобуснуудыг яагаад үйлчилгээнд гаргаад байгаа талаар болон автобуснуудын янданд суурилуулж байгаа шүүлтүүрийг дахин өөр автобусанд ашиглаж болох эсэхийг тодрууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "Нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа автобуснуудыг өглөө бүр хянаж гаргадаг. Үүн дээр манай Нийслэлийн тээврийн газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналт тавьж байгаа. Гэхдээ автобуснууд утаатай байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор түлшний чанартай холбоотой асуудал яригдаж байна.

Мөн нийслэлийн засаг дарга 1,000 автобусаар парк шинэчлэл хийх саналыг Засгийн газар, Сангийн яаманд хүргүүлсэн байгаа. Ер нь бол өнөөдөр үйлчилгээнд гарч байгаа 900 гаруй автобусны маань 50 хувь нь 2020 он гэхэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно. 

Дизель хөдөлгүүрийн шүүлтүүрийн талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ шүүлтүүр нь хөө тортгийг 97-98 хувь хүртэл шүүдэг, тоосонцрыг 90 хүртэл хувь бууруулдаг гэдгийг мэргэжлийн инженерүүд хэлж байгаа. Одоогийн байдлаар 24 автобусанд улс, нийслэлийн төсвөөс мөнгө гаргалгүй Жайкаг болон ЗТХЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд шүүлтүүр суурилуулаад байна. Шүүлтүүрийг суурилуулахдаа автобусны эд ангийн үндсэн бүтцэд өөрчлөлт оруулаагүй бөгөөд дараа дараагий автобусанд шилжүүлэн ашиглах боломжтой" гэсэн тайлбар өглөө.

Үүн дээр нэмж Хотын дарга "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 1,000 орчим автобус гардаг. Шүүлтүүр маш нарийн технологитой үнэтэй буюу нэг бүр нь 10,000 ам.долларын үнэтэй. Тэгэхээр бүх автобусандаа шүүлтүүр тавья гэвэл бараг 25 тэрбум төгрөг хэрэгтэй болно. Ер нь бол автобус замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, иргэд болон хүүхдийн амьсгалах түвшинд утаа гаргаж байгаа учраас мөнгө хайрлахгүй шүүлтүүр тавимаар байна. Ямар ч ирэх жил энэ асуудал дээр нэг шийдэлд хүрэх байх. Мөн 2019 оны тавдугаар сараас том оврын дизель машинуудыг хотын төвөөр зорчуулахгүй, зорчих тохиолдолд шүүлтүүртэй байна гэсэн шийдлүүд яригдаж байгаа.

Түлшний хувьд манай хэрэглэж байгаа түлш евро-3 стандартаас доогуур байдаг. ОХУ-аас ганцхан шугам ажиллаад Монгол руу нийлүүлдэг. Аи-92, А-80, евро-3 стандартаас доогуур дизель түлшийг Монголд л зориулж үйлдвэрлэж байгаа. Стандартаа ахиулж евро-4 эсвэл евро-5 руу шилжүүлье гэвэл шатахууны үнэ огцом нэмэгдэх магадлалтай. Шатахуун импортлогчид болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр ядаж Улаанбаатар хотод Аи-92, А-80 болон евро-3 стандартаас доогуур дизель түлш зарахгүй байвал яасан юм бэ гэсэн санал гардаг ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна" хэмээн ярилаа.

Дээрх мэдээллүүдийг сонссоны дараа төлөөлөгчид саналаа хэлж энэ сарын сүүлээр дахин ээлжит бусаар хуралдаж дахин агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Үргэлжлүүлэн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн хотын шуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, мөн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.