Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 9 жилд төрийн тендерийн 0.7 хувьд томоохон ААН, 99.3 хувьд нь жижиг, дунд бизнесийнхэн оролцжээ

ikon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас баримтлах мөрийн хөтөлбөр болон УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг ил тод болгох, цахим хэлбэрээр зохион байгуулах тухай тусган хэрэгжүүлэх болсноор түүнд иргэд хяналт тавих боломж нээгдсэн.­

Тодруулбал, 2012 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn нэгдсэн цахим системийг эрхлэн хөтөлж, төрийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг нээлттэй болгожээ. Энэхүү системийн тусламжтайгаар төрийн байгууллага бараа, ажил, үйлчилгээ худалдаж авахаар зарлагдсан тендер, түүнд тавьсан шаардлага, оролцсон болон шалгарсан аж ахуйн нэгжүүдийн талаар мэдэж болно. Мөн баримт бичгээ хуурамчаар үйлдсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй, санхүүгийн тайлан хуурамчаар ирүүлсэн зэрэг тендерт зөрчилтэй оролцогчдын хар жагсаалтыг үзэх боломжтой юм. Уг вэб сайт нээгдээд нэлээн туршлагажсан тул цаашид мэдээллийн жагсаалт хэлбэрээс ахиж дүн мэдээг эрэмблэх, системчлэх, нэгтгэх, диаграммчлах, анализ дүн шинжилгээ хийхэд анхаарвал иргэдэд илүү цэгцтэй ойлголт өгөх болов уу.

Төрийн худалдан авалтын цахим сайтад мэдээлснээр, 2009 оноос хойшхи сүүлийн 9 жилд давхардсан тоогоор нийт 9,748 аж ахуйн нэгж төрийн тендерт оролцжээ. Томоохон компаниудаас, сүүлийн 9 жилд төрийн тендерт

  • Шунхлай групп 10 удаа,
  • Номин холдинг 8 удаа,
  • Мобиком, Таванбогд, М-Си-Эс, Бодь, Макс, Монос, Моннис группүүд 5-7 удаа оролцож, тал хувьд нь л шалгарч байжээ.
  • Нийтдээ нэр бүхий томоохон аж ахуйн нэгжүүд 66 тендерт оролцсон байна.

Хувилж үзвэл, сүүлийн 9 жилийн төрийн тендерийн 0.7 хувьд томоохон аж ахуйн нэгжүүд, 99.3 хувьд нь жижиг, дунд бизнесийнхэн оролцжээ.

Жижиг, дунд бизнесийг бодлогоор дэмжин хөгжүүлэхэд төрийн тендер тустай дэмтэй нь мэдээж боловч зохист харьцаа нь арай л алдагдаж туйлширч давжаарсан бололтой. Үүний уршгаар тендер олон дахидаг, гүйцэтгэл нь хугацаандаа хийгддэггүй, он дамжин сунжирдаг, барилга байгууламжийн чанар чансаа гологддог, хөрөнгө мөнгө дутаж гацдаг, хаягддаг зэрэг жижүүрийн хүндрэлээс шалтгаалж үргүй зардал нэмэгдэх, жил бүр төсвийн зардал хэтрэх шалтгаан болдог байхыг үгүйсгэх аргагүй юм.

Тиймээс тухайн салбартаа үйл ажиллагаа нь тогтмолжиж мэргэшсэн, туршлагатай, өрсөлдөх чадвар суусан, санхүүжилт, хүний нөөц бүрдсэн үндэсний хувийн хэвшлийн томоохон компаниудыг төрийн томоохон багц тендерүүдэд илүүтэй татан оролцуулж, тэдгээрийг дагалдуулан жижиг, дунд бизнесийг хөгжүүлдэг туршлагыг судлаж хэрэгжүүлмээр. Төрийн тендер бүрийн гүйцэтгэл стандартад бүрэн нийцсэн чанартайн зэрэгцээ үр дүнтэй, иргэдийн сэтгэлд хүрсэн шударга өгөөжтэй, хувийн хэвшилд тодорхой хэмжээний ашигтай, бүхэлдээ улс орны хөгжилд түлхэц болж байвал сайнсан.

Б.Эрдэнэ