Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Үндэсний номын баяр 2018”-ыг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нэгдсэн төлөвлөгөөгөөр 100 гаруй арга хэмжээг “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор зохион байгуулах гэж байна.
Үндэсний номын баярыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.
Номын баярт зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид оролцоно.
Номын баярын хоёр дахь өдөр “Уншигч таны оюуныг дайлья” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа явагдах юм.
Мөн аймаг, нийслэл, орон нутгийн 200 гаруй номын санчид хуран чуулж, “Mongolian librarу update: Номын сангуудын туршлагаас” зөвлөгөөн, “Номын сангийн алсын хараа” сургалтууд, уулзалт, ярилцлага, яруу найргийн чөлөөт уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын хямдралтай болон зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай уралдаан, тэмцээнийг өргөн хүрээнд улс орон даяар зохион байгуулах болсон байна.
Эх сурвалж: Соёл Урлагийн газар