Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Төв шуудангийн уулзварын ачааллыг багасгах хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 534,000 автомашин байна. Үүнээс 350 орчим мянга нь өдөр болгон замын хөдөлгөөнд оролцож байна. Үүн дээр орон нутгаас товчоодоор дамжин 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл орж иржээ. Ийнхүү өнөөдрийн байдлаар нийслэлд 450,000 орчим тээврийн хэрэгсэл зорчиж байна. 

Зам засварын ажилтай холбоотойгоор Улаанбаатар хотын замын ачаалал ихсээд буй. Ялангуяа, Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөний замын хөдөлгөөний ачаалал иргэдийг ихээр бухимдуулж байгаа билээ. 

Иймд хотын төвийн зарим замын урсгал, гарцын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхөөр Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэгт танлцуулаад байна. тэр дундаа хамгийн их ачаалалтай байгаа төв цэг болох Төв шуудангийн уулзварын ачааллыг бууруулах саналыг онцолж байна. Энэ хэсгийн ачааллыг багасгах үүднээс дараах өөрчлөлтүүдийг хийхээр санал хүргүүлжээ. Үүнд: 

  • Энхтайваны өргөн чөлөөний зүүн талаас ирдэг хөдөлгөөнийг Гадаад харилцааны яамны уулзвараар урагш нь эргүүлээд Олимпын гудамжаар оруулж, Шангри-Лагийн ар буюу Гэндэнгийн гудамжаар оруулж, Энхтайваны гүүр рүү урагш нь гэрэл дохиотой уулзвар руу оруулж хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатар хотын зүүн талын хөдөлгөөн буюу Нарантуул, Намьянжугийн гудамж гэх томоохон худалдааны төвтэй холбоотой нэмэгддэг замын ачааллыг бууруулах зорилготой.   
  • Цэцэг төвийн уулзварыг урдаас нь хойш нэг чигийн хөдөлгөөнд оруулах саналыг хүргүүлж байгаа юм. үүнтэй холбоотойгоор ОХУ ЭСЯ-ны баруун талын уулзвар урагшаа нэг чигийн хөдөлгөөнтэй байсныг сөрөг хөдөлгөөнтэй байхаар зохицуулах гэж байна. Ингэснээр 1-р сургууль орчим болон Сөүлийн гудамжны замын хөдөлгөөний ачаалал багасна гэж тооцож байна. 
  • Уулзваруудын гэрлэн дохион дээр мөн тоогоор мэдээлэгч самбаруудыг байрлуулна. Одоогоор Бээжингийн гудамжинд хэрэглэж байгаа энэ зохицуулалтыг тодорхой газруудад хийнэ. 

Мөн арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор ачааны авто машин болон бага оврын түгээлтийн авто машины цагийн хуваарийг өөрчилж байгаа тул ААН-үүдийн түгээлтийн машины жолооч нар замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэлээг анхаарч зорчихыг санууллаа. 

Мөн томоохон худалдааны төвүүдийн холбогдох хүмүүст мэдээлэл өгч байна. Тухайлбал, Нарантуул худалдааны төвөөс явдаг хөдөө орон нутагт зорчих тээврийн үйлчилгээг товчоод руу шилжүүлэх нь. 

Сургуулийн хүүхдүүд зорчихтой холбоотой замын ачаалал нэмэгдэж байгаа асуудлыг шийдэхийн тулд хичээл эхлэх, дуусах цагуудад эцэг, эхчүүдэд зогсоол гаргаж өгөх саналыг сургуулиудын удирдлагуудад хүргүүлээд байгаа юм байна. 

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийх эдгээр ажлын эцсийн шийдийг энэ сардаа багтаан гаргаж, иргэдэд танилцуулах юм байна. Ирэх арваннэгдүгээр сараас эхлэх замын хөдөлгөөний шинэ журамтай танилцаж, мэдээлэл авахыг ЗЦГ-аас санууллаа.