Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтийн тээврийн автобусны дундаж хурд явган хүнийхтэй адилхан болчихоод байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Наймдугаар сард нийтийн тээврийн автобусны өдрийн дундаж хурд 20 км/ц байсан бол энэ сар гарсаар ердөө 6 км/ц болсон байна.

Замын хөдөлгөөний эрчим огцом буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг холбогдох албаныхнаас тодруулсан юм. 

“Суудлын авто машинууд нэгдүгээр эгнээ рүү орохгүй бол нийтийн тээвэр иргэдэд чирэгдэл үүсгэхгүй үйлчлэх бүрэн боломжтой”

Нийслэлийн тээврийн газрын Тээвэр зохицуулагч Д.Цэцэгмаа “Өнөөдрийн байдлаар 946 нийтийн тээврийн хэрэгслээс 870 нь үйлчилгээнд гараад байна. 

Автобус түгжрээнд орвол хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх боломжгүй болдог.

Жишээлбэл, 17:30 цагаас эхлээд Багшийн дээд орчимд замын ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүсдэг. Ингээд эхэлмэгц Энхтайваны өргөн чөлөө дагуу дараагийн автобусны буудлууд дээр ажлаа тарсан иргэд автобус удаан хүлээх болоод байгаа. 

Уг нь Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам дагуу суудлын авто машинууд нэгдүгээр эгнээ рүү орохгүй бол нийтийн тээвэр иргэдэд чирэгдэл үүсгэхгүй үйлчлэх бүрэн боломжтой” хэмээн ярилаа.

 

Түүнээс автобус түгжрээг тойрч гарахын тулд чиглэлээсээ хазайж болох эсэхийг нэмж тодруулахад “Зам тээврийн осол гарсан, зам хаасан нөхцөлд наашаа буюу хөдөлгөөн зохицуулагч руу холбогдох ёстой. Бид Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн http://www.ubtraffic.mn/ сайтаас хаана замын ачаалал их байгаа, хаана осол гарсан гэх мэтийг байнга харж байдаг учраас замын нөхцөл байдлыг хараад жолоочид заавар өгдөг. Түүнээс биш тухайн автобусны чиглэлийн дагуу зорчигч хүлээж байгаа учраас чиглэлийг өөрчилж болохгүй” гэсэн юм.

http://www.ubtraffic.mn/ сайт руу иргэд чөлөөтэй нэвтэрч аль зам ачаалалтай байгааг харж болох юм байна. Мөн Ubtraffic.mn аппликейшнаас дээрх мэдээллийг авч болно.

"Яармаг, Баянзүрхийн гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан зам хаана"
 

Жил бүрийн есдүгээр сараас замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн хувьд онцгой нөхцөл үүсээд байгааг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар хэллээ.

Тэрбээр "Энэ нь авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой. Замын цагдаагийн уулзвар, Олимпын гудамжийг хаасан болон дулааны шугамын засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор түгжрэл эрс нэмэгдсэн. Одоогоор нийтийн тээврийн автобусны өдрийн дундаж хурд ердөө 6 км/ц болоод байна. Энэ нь явган алхаж байгаа хүний дундаж хурдтай адил гэсэн үг.

Дээр дурдсан авто замын ажлуудаас гадна бас энэ сард Яармаг, Баянзүрхийн гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан түр хугацаагаар зам хаана.

Урьдчилсан байдлаар Яармагийн гүүр, Богд уулын арын замыг, Баянзүрхийн постыг буулгах Улиастайн гүүрнээс Баянзүрхийн пост хүртэлх замыг бүрэн шинэчлэхтэй холбогдуулан хэсэг хугацаагаар хаахаар төлөвлөсөн. Ингэхдээ Яармагийн гүүрийг хаах хугацаанд Богд уулын арын замыг нээлттэй байлгахаар зохицуулах байх. Учир нь Яармагийн гүүрийг хаасан үед Нисэх, Яармагийн иргэд зөвхөн Сонсголонгийн замаар хотын төв рүү орох болвол одоо ч ачаалалтай байгаа Сонсголонгийн гүүрний ачаалал улам нэмэгдэнэ. Тиймээс шаардлагатай бол Богд уулын арын замаар нийтийн тээврийн хэрэгсэл явуулж болно. 

Тиймээс зам хаах хугацаанд иргэдийг хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврийг замаар чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлж өгөөч ээ гэж хүсмээр байна. Нийслэлийн тээврийн газрын зүгээс замын нөхцөл байдалтай уялдуулаад нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой" хэмээн ярилаа.

Зам хаахтай холбоотойгоор НТГ-аас нийтийн тээврийн богино эргэлт хийх, замын маршрутыг өөрчлөх талаар зохицуулалтыг хийх саналаа боловсруулан Хотын даргад танилцуулахаар ажиллаж байгаа юм байна.

 Их, дээд сургуулийн хичээлийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гарчээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Тус хурлын үеэр замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулах талаар холбогдох байгууллагууд саналаа танилцуулж, эхний ээлжинд хотын даргын зүгээс Замын Цагдаагийн Албанд чиглэл өгсөн байна. 

Хотын даргын өгсөн чиглэлийн хүрээнд ирэх Даваа гарагаас Энхтайваны өргөн чөлөө болон бага тойруугийн замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулахад хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэхээр болжээ.

Мөн хурлын үеэр их, дээд сургуулийн хичээлийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргасныг Хотын дарга өнөөдөр Ерөнхий сайдад танилцуулхаар тогтсон байна.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр ямар ямар арга хэмжээ авч болох талаар гарсан саналуудыг тухайлбал, зарим уулзвараар зүүн гар тийш чөлөөтэй эргэхийг судалж байгаа аж.