Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Индонезийн нийт хүн амын 5 хувь нь жижиг, дунд бизнес эрхэлдэг"

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг: mpa.mn

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт болох “GWTS-2018” “Инноваци ба хамтын ажиллагаа” уриан дор Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Чуулга уулзалтад нийт 12 улсын 70 гаруй бизнесийн салбарын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцож, салбар хуралдаануудаар хуралдаж, өөрсдийн туршлагаа солилцож байгаа юм.

Жил бүр зохиогддог тус чуулга уулзалтыг өмнө нь Энэтхэг, Австрали, Малайз болон БНХАУ-д зохион байгуулж байсан бол энэ жил анх удаа манай улсад болж байна.

Энэ удаагийн уулзалтаар дэлхий дахинд өрнөж буй “Цахим эдийн засгийн шилжилт” гэх ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба технологи, цахим өөрчлөлт, шилжилт өрнөж буй энэ үед Монгол улс ямар бодлого баримталж ажиллах талыг тодорхойлоход тус чуулга нь чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байв. 

Нийт гурван өдөр үргэлжлэх тус уулзалтын эхний өдөр дотоод болон гадаадын бизнес эрхлэгчид гурван том салбар хэлэлцүүлэг өрнүүлж, чухал сэдвүүдээр санал солилцож өнгөрлөө.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Уулзалтын эхний өдрийн хоёр дахь салбар хэлэлцүүлгээр “АСЕАН-МОНГОЛ-ТӨВ АЗИ” гэх ерөнхий сэдвийн дор, тэр дундаа “Газар зүйн байршил нь ирээдүйн эдийн засгийн хамтын ажиллагаа болон стратегийн холбоонд нөлөөлөхгүй” гэх дэд сэдвийн дор гадаадын улс оронд өөрийн бүтээгдэхүүнээ гаргаж ажилладаг бизнес эрхлэгчид  оролцсон юм. Тус салбар хэлэлцүүлгийг ахмад дипломатч Р.Янжмаа чиглүүлж, модератороор ажиллав.

Яригдсан сэдвийг танилцуулахад, Монгол Улсын бизнесийн салбарыг төлөөлж "Монос" Группийн Гүйцэтгэх Захирал Х.Ананд “Худалдааны зорилго” сэдвээр илтгэл тавьж, гадаадын улс орнуудтай худалдаа, хамтын ажиллагаа хийхэд манай улсын компаниудын гаргадаг түгээмэл алдаа, тэднээс хэрхэн зайлсхийх талаар өөрийн компанийн туршлагаасаа хуваалцлаа.

 
Гэрэл зургийг: mpa.mn

"М-Oйл" Группийн Гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа “АСЕАН-Монголын хамтын ажиллагаа ба Төв Ази” сэдвээр импортлогч байсан М-ойл Групп хэрхэн экспортлогч компани болж, хамтын ажиллагаа явуулах болсон талаараа ярилаа.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Харин гаднын улсаас ирсэн төлөөлөгчдөөс Индонези улсын эмэгтэй бизнес эрхлэгч, SKV Группийн үүсгэн байгуулагч Хеера Сяахир Карим Васандани “Бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн Индонези дахь зах зээл” сэдвээр Индонези улсын зах зээлийг танилцуулсан юм.

Хеера Сяахир Карим Васандани "Индонез улс нийт 261 сая хүн амтай, томоохон эдийн засагтай улс. Манай улсын нийт хүн амын 53 хувийг эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харин жижиг, дунд бизнес эрхлэгчид эдгээр хүмүүсийн ердөө таван хувийг эзэлдэг. Манай улсын олборлох салбар Монгол Улс шиг өндөр хөгжсөн гэж хэлж болно. Их хүн амтай улсын хувьд сүүлийн үед ихэнх бизнес эрхлэгчид өөрийн бизнесээ цахим, дижитал орчин руу шилжүүлж ажиллах болсон.

Зүүн Хойд Азийн бүс нутгийн хувьд нийт 132 сая хүн байнгын интернет хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан нь цахим ертөнцөд маш том зах зээл буйг мөн харуулж байна" гэлээ. 

 
Гэрэл зургийг: mpa.mn

Мөн Их Британи улсаас ирсэн Найжел Гиббс “АСЕАН-ы улс орнуудад бизнес эрхлэх нь” сэдвээр Азийн улсуудад бизнес эрхэлж байсан туршлагаасаа мөн хуваалцсан юм. Тэрбээр сүүлийн 20 гаруй жил АСЕАН-ы улсуудын томоохон компаниудад ажиллаж буй нэгэн ба одоогоор Малайз Улсын томоохон их сургуулиудын нэг болох “Тэйлорын Их Сургууль”-ийн гадаад харилцаа, бизнес үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа аж.

Тэрбээр 22 жилийн турш АСЕАН-ы улс орнуудын томоохон компани, аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байх хугацаанд тус бүс нутаг дахь улс орнуудын хамтын ажиллагаа, түншлэл ихэд хөгжсөнийг олж харсан гэдгээ хуваалцлаа. Тус салбар хэлэлцүүлгээр илтгэгчид цахим орчин, интернетийн хөгжил ихэд явагдаж буй тул тэнд зөв бодлого хэрэгжүүлж, хэрэглэгчдээ татаж мөн өөрийн түнш, холбоотнуудтайгаа харилцах том суваг болсон гэдгийг онцолсон юм.

Ерөнхий Сайдын Ивээл дор зохиогдож буй дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт “GWTS-2018” энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

 
Гэрэл зургийг: mpa.mn