Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгост хийх Помпеогийн ээлжит айлчлалыг Трамп цуцаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногт Хойд Солонгосын нийслэлд дөрөв дэх удаагаа зочлох гэж байсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалыг ерөнхийлөгч Дональд Трамп цуцалж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.

Трамп ингэх болсон шалтгаанаа Хойд Солонгосын тал цөмийн зэвсгээс салах амлалтаа биелүүлэхгүй байгаа болон Хятадтай хийж байгаа худалдааны дайнаас болсон гэж тайлбарлажээ.

“Хятадтай бид маш хатуу худалдааны дайн хийж байгаа тул цөмийн зэвсгээс салгах ажилд тэд туслана гэдэгт би итгэхгүй байна” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.

Гэхдээ тэр найдвар тасраагүй байгаагаа илэрхийлж “Төрийн нарийн бичгийн дарга Помпео Хятадтай үүсээд байгаа худалдааны маргаан шийдэгдсэний дараа тун удахгүй Хойд Солонгост айлчилна гэж найдаж байна” гэжээ.

Трамп эцэст нь “Энэ завсарт би Ким Жон Ун даргад халуун дотно мэндчилгээ хүргэмээр байна. Түүнтэй удахгүй уулзахын ерөөл тавья!” гэж бичсэн байна.

Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хураах ажил бэрхшээлтэй тулгарсан тухай  мэдээлэл тараад байгаа. Тухайлбал АНУ-ын тал цөмийн нууц байгууламжуудын жагсаалтаа гаргаж өгөхийг Пёньянаас шаардахад ийм байгууламж огт байхгүй гэсэн хариуг Хойд Солонгосоос өгсөн гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

Мөн Пёньяныг цөмийн зэвсэг бүтээх ажлаа орхиогүй, үргэлжлүүлж байгаа гэх мэдээлэл ч тарсан юм.

 

Эх сурвалж: Reuters