Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Ленноны амийг хөнөөсөн алуурчны өршөөлийн хүсэлтийг 10 дахь удаагаа буцаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Домогт Битлз хамтлагийн гишүүн асан, дуучин Жон Ленноны амийг хөнөөсөн алуурчны өршөөлийн хүсэлтийг хуулийнхан 10 дахь удаагаа буцаажээ. Өчигдөр Марк Дэвид Чапмэн Нью Йорк мужийн өршөөлийн зөвлөлийн шийдвэрийг сонссон байна.

Түүний хүсэлтийг буцаасан шалтгаанаа “нийгмийн сайн сайхан, аюулгүй байдалд халтай учир” гэж тайлбарлажээ.

Одоо 63 настай Чапмэн бүх насаар хоригдох ял аваад Нью Йорк мужийн баруун бүсийн Вэнде Засан Хүмүүжүүлэх Төвд хоригдож байгаа юм.

Тэр 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Битлзийн гишүүн асан Ленноныг Манхэттен дэх гэрийнх нь гадаа буудан хороож байв.

Мужийн өршөөлийн зөвлөлийн шийдвэрт Чапмэны аллагыг “ноцтой хүнд хэлбэртэй” гэснээс гадна хэн нэгэн өшөө авах зорилгоор, эсвэл алдар нэртэй болох зорилгоор түүний аминд хүрч болзошгүй гэж тайлбарласан байна.

“Та бол дэлхийд алдартай эрхмийн амийг зөвхөн түүхэнд нэрээ үлдээх зорилгоор хөнөөсөн” гэж зөвлөлийн дүгнэлтэд бичжээ.

Одоо Чапмэн 2020 оны наймдугаар сард дараагийн удаа өршөөл хүсэх боломжтой юм.

Түүний өршөөл хүсэх хугацаа болох үед улс төрчид, фэнүүд Ленноны гэрийн ойролцоох дурсгалын цогцолборт цуглаж, Чапмэныг өршөөхгүй байхыг уриалдаг.

Чапмэн өршөөл хүссэн өргөдөлдөө одоог хүртэл олон хүнээс уг аллагын улмаас зовж шаналж байгаагаа илэрхийлсэн захидал хүлээж авдаг, алдар нэртэй болох буруу зам сонгосноо сайн ойлгосон гэж бичсэн байна. Тэр бас Битлзийн гишүүний нэр алдарт атаархсандаа аллага үйлдсэн гэжээ.

Хуулийн дагуу Чапмэн 2000 оноос эхлэн өршөөл хүсэх эрхтэй болсон бөгөөд тэр цагаас хойш ийнхүү 10 удаа хүсэлтээ гаргаад байна.

Ленноны эхнэр Йоко Оно өөрийн болон хүү Жулиан, Шон нарынхаа аюулгүй байдлыг бодолцоод Чапмэныг өршөөхийг эсэргүүцэж байжээ.

Одоо 85 настай Оно бас Ленноны фэнүүд Чапмэнээс өшөө авч болзошгүй гэж болгоомжилж байгаагаа илэрхийлж байв.

 

Эх сурвалж: Independent