Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Суреш Бабу: Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд барьж дуусна гэдэгт итгэлтэй байна

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 14
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Суреш Бабутай ярилцлаа.

-Энэтхэгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болсон. Энэ үйлдвэрийг барих санхүүжилтийн үе шат ямар байгаа вэ. Төлөвлөсөн хугацаандаа санхүүжилтээ хийх үү?

-Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Өнгөрсөн зургаадугаар сард тус үйлдвэрийн барилгын шав тавих ёслол болсон. Энэхүү төсөл тун удахгүй хэрэгжиж эхэлнэ гэж итгэж байна. Монголын Засгийн газрын мэдээлснээр үйлдвэр барих бэлтгэл ажил эхэлсэн гэсэн. Үйлдвэрийг төлөвлөсөн хугацаандаа барьж дуусна гэдэгт итгэлтэй байгаа. Төсөл хэрэгжиж, үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр монголчууд шатахууны хувьд бие даасан хараат бус болох боломжтой.

-Ярилцлагын өмнө та Энэтхэгийн Засгийн газар нийгэм, эдийн засгаа сайжруулж, хамгаалахын тулд олон чухал хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж хэлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэтхэгийн Засгийн газар тэр дундаа Ерөнхий сайд Нарендра Модигийн хийсэн ажлуудын талаар товчхон дурдъя. Сүүлийн дөрвөн жилд Энэтхэгийн Засгийн газар эдийн засгаа хөгжүүлэх, хамгаалах зорилгоор хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Тухайлбал, “Дижитал Индиа” хөтөлбөр байна. Энэ хөтөлбөр дэвшилтэт технологийг ашиглан дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм. Мөн нийгмийн чиглэлд нэлээд өөрчлөлт хийсэн. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг хамгаалах зорилгоор олон өөрчлөлт хийсэн.

Сургуульд сурах эмэгтэй хүүхдийн тоог нэмэх зорилготой хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Нэг хөтөлбөрийг нь онцолж хэлэхэд, эмэгтэй хүүхдүүдийг хамгаалах зорилгоор охин төрүүлэхээр жирэмсэлсэн эхчүүдэд тэтгэмж өгдөг болсон. Үүнээс гадна нарны энергийг ашиглан тосгоныг цахилгаанжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Монгол Улсад нар их тусдаг болохоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Өөр нэг тусгайлан хэлэх хөтөлбөр бол манай улс татварын нэгдсэн журамтай болсон. Энэтхэгийн Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд татварын нэгдсэн журамтай болохыг их хичээсэн. Харин Нарендра Модигийн Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж, энэ журмыг хэрэгжүүлсэн.

-Монгол, Энэтхэг хоёр улсын харилцаа ямар түвшинд байгаа вэ. Цаашид хоёр улс харилцаагаа хэрхэн өргөжүүлэх бол?

-Монгол, Энэтхэг хоёр улсын харилцаа нэлээд өргөжиж байгаа. Сүүлийн таван сарын хугацаанд л гэхэд Монгол Улсад Энэтхэгийн гурван сайд айлчилсан. Ирэх саруудад ч бас томоохон чухал айлчлал болно.

Мөн ирэх сард Энэтхэг, Монголын хамтарсан цэргийн сургуулилт болохоос гадна батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Үүнээс Энэтхэг, Монголын харилцаа богино хугацаанд хурдацтай хөгжиж байгааг харж болно. Хоёр улсын харилцаа цаашид ч эрчимтэй өргөжнө гэдэгт итгэлтэй байна.

-Энэтхэг Улсын тусгаар тогтнолын өдөр маргааш болох гэж байна. Энэ хүрээнд Монголд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Тусгаар тогтнолын өдрөөр уламжлалт тугны арга хэмжээ зохион байгуулна. Үүний дараа Энэтхэгээс Ерөнхий сайдын мэндчилгээг дамжуулна. Мөн Улаанбаатарт байгаа энэтхэгчүүд болон Элчин сайдын яамны ажилчид цусаа хандивлана. Түүнчлэн би нэг сайн мэдээ хэлье.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголд Энэтхэг хэлийг зааж, сурталчилж байгаа Ч.Сийлэгмаад Энэтхэг хэлийг дэлхийд сурталчилсны хамгийн том шагнал олгох гэж байгаа. Ч.Сийлэгмаа 300 гаруй хүнд Энэтхэг хэл зааж сургасан байна. Ч.Сийлэгмаа дараа долоо хоногт Энэтхэгт Улс руу аялах үеэрээ шагналаа авна. Энэ ярилцлагаараа дамжуулж түүнд баяр хүргэмээр байна.

-Энэ жилийн хувьд Монголд нэлээд хур бороо орж, зарим газар үерийн гамшигт нэрвэгдсэн. Гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд Энэтхэгийн Засгийн газраас тусламж үзүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монголд хур бороо их орсноос ихэнх нутгаар зуншлага сайхан болсон байна лээ. Бид бүхнээс илүү таван хошуу малд сайхан байгаа байх. Харамсалтай нь, зарим газраар аадар бороо их орж, гамшигт нэрвэгдсэн байна лээ. Тухайлбал, Баян-Өлгий аймаг байна.

Энэтхэгийн Засгийн газар гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд туслахаар 50 мянган ам.долларын тусламж үзүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт би Баян-Өлгий аймагт очиж, Засаг даргатай нь ойлголцлын гэрээ байгуулсан. Нөхөн сэргээх ажилд зарцуулах 80 сая төгрөгийн тусламжийн гэрээ байгуулсан. Тун удахгүй тусламж ирнэ.

-Таны Монголд ажиллах хугацаа удахгүй дуусах гэж байгаа гэсэн. Хоёр жилийн хугацаанд энд ажиллаж, амьдрахад танд ямар санагдав. Ямар сэтгэгдэлтэй буцах гэж байна вэ?

-Би есдүгээр сарын эхээр Энэтхэг рүү буцна. Монголчуудад баярлалаа гэж хэлмээр байна. Би Монголоос өндөр сэтгэгдэлтэй буцах гэж байна. Монголд ажиллаж, амьдрахад үнэхээр сайхан байлаа. Энэ нутагт хайртай болжээ.

Зураг