Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ой хээрийн түймрийн 10 тохиолдлын 9 нь хүний буруутай үйлдэл

ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN

Ой хээрийн түймрийн улмаас жилд дэлхийн ойн сангийн 1 хувь устдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд ой модны нөөцийн тал хувь нь сүүлийн 30 жилд устаж үгүй болсон. Иймээс ой хээрийн түймэр нь олон улсын түвшинд яригддаг томоохон эрсдэл билээ.  Үүсгэгч хүчин зүйлсийн хувьд аянга буух, галт уул дэлбэрэх, мод хоорондоо шүргэлцэх, сансар огторгуйн биет газарт унах, хүний санаатай болон санамсаргүй үйлдэл гэх мэт олон шалтгаан бий.

"Дэлхийд жил бүр 33,000 гаруй түймэр гарч 500,000 хүн өртөж нийт 20 тэрбум долларын хохирол учирдаг байна." Дэлхийн банкны судалгаанаас
 

Манай улсын хувьд хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр гарах нь ихэсдэг. Ойн шатах материал, цаг агаарын нөхцөл байдал, гал гаргах эх үүсвэр гэсэн гурван нөхцөл бүрдсэн тохиолдолд түймэр гарч эхэлнэ. Монгол оронд хавар, намрын улирал, заримдаа хуурайшилт ихтэй зуны улиралд ой, хээрийн түймэр их, бага хэмжээгээр байнга тохиолдож байна. Ойн түймэр тохиолдох хамгийн идэвхжилтэй үе нь хавар 4,5 дугаар сар бөгөөд энэ үед жилийн бүх түймрийн 80 гаруй хувь нь гардаг. Харин намар 9,10 дугаар сард 15-18 хувь нь тохиолддог нь уур амьсгал, ургамал зүйн онцлогтой холбоотой.

 
Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.
 
Ой хээрийн түймрийн индекс 2016 онд өмнөх оны үзүүлэлтээс 2.9 нэгжээр буурсан байна. Индекс буурахад гамшгийн тохиолдлын тоо 61 хувиар буурсан нь голлох нөлөө үзүүлсэн бөгөөд үүнийг дагаад учирсан хохирол, зарцуулсан зардал мөн буурсан нь нөлөөлсөн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад түймрийн тоо 2.5 дахин, хохирол 5.8 дахин буурсан  боловч нас барсан болон түлэгдсэн хүний тоо өссөн байна. 2012 оноос өмнөх жилүүдэд индекс бага гарахад нас барсан, түлэгдэж бэртсэн хүний тоо бага байсан нь нөлөөлжээ.
 

Эх сурвалж: Гамшиг судлалын хүрээлэн

 

Ой хээрийн түймрийн гарах шалтгаанд байгаль цаг уурын нөхцөл байдлаас гадна хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг бөгөөд манай орны газарзүйн онцлогоос шалтгаалж жилийн хур тунадасны хэмжээ бага, хаврын улиралд хуурайшилт их байдаг учир иргэдийн сонор сэрэмжгүй, хайнга үйлдэл асар их хохирлыг дагуулдаг билээ.

  • Ойд аялал зугаалгаар явахдаа ил задгай гал түлээд гүйцэд унтраалгүй орхих
  • Татсан тамхиа бүрэн унтраалгүй шууд хаях
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал, оч баригчгүй тракторын яндангаас оч үсрэх
  • Айл өрхийн ил задгай асгасан үнс нурам /хавар, намрын салхи шуургатай үед/
  • Галт сумаар буудаж гал алдах зэрэг хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж ой, хээрийн түймэр ихэвчлэн гардаг байна.
Ой хээрийн түймрийн 10 тохиолдлын 9 нь хүний буруутай үйлдэл байдаг.

2016 онд гарсан ой хээрийн түймрийн 138 тохиолдлоос 10 тохиолдолд Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар “Улсын Онцгой Комисс”-ын албан даалгаварт дурдагджээ. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн буруутай үйлдлээс түймэр дэгдээсэн бол дараах хариуцлагыг хүлээлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

  • Ойн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог.
  • Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтын дагуу Ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон,их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Ой хээрийн түймэр санаатай тавьсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтын дагуу Ой, хээрийн түймэр тавьсан, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан:
  • Иргэнийг 1,000-50,000 төгрөгөөр,
  • Албан тушаалтныг 30,000-60,000 төгрөгөөр,
  • Байгууллага, аж ахуйн нэгжийг 50,000-250,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
  • Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2.9 дэх заалтын дагуу ил задгай хог хаягдал шатаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын дагуу:
  • Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, /240,000 төгрөг/
  • Аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /480,000 төгрөгөөр/ тус тус торгож хариуцлага хүлээлгэдэг журамтай 

Иймд сургалт явуулан олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх замаар урьдчилан сэргийлэх, орон нутгийн түвшинд мэдээлэл солилцоог боловсронгуй болгож хяналтгүй түймэр тархах эрсдэлийг бууруулах, хамтын ажиллагааг сайжруулах, түймрийн аюулыг арилгах техникийн хангамжийг сайжруулах, ой хээрийн түймрийн гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах шаардлагатай байна.

Хэрэв танд энэхүү эрсдэлийг бууруулах талаар шинэ санал, санаачилга байвал info@mandal.mn цахим хаягаар холбогдоорой. Мандал Даатгал компанийн “Эрсдэлийн удирдлагын клуб”-ын хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байна.

Эх сурвалж: Мандал даатгал ХХК