ҮДБЭЧ-ынхан “Эрх цагаан унага” дуулалт жүжгийг өнгөрсөн есдүгээр сард багачуудад зориулан тавьсан.
Энэ жүжгийн дууг ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Г.Бат нар хамтран бүтээсэн юм. Харин ҮДБЭЧ-аас Эрх цагаан унага” дууг хэн сайн дуулах вэ уралдааныг зохион байгуулж байна.
Өчигдөр биднийг очиход уралдаанд оролцогчид үндэсний дээл, гутлаар гангарч зарим нь унаганы дурд хувирч ирцгээсэн байв.
Бүгдээрээ нэг ижил дуугаар өрсөлдөх болохоор аль болох содон байж, шүүгчдийн анхаарлыг татахаар хэрэндээ хичээсэн байлаа. Уралдааны талаар сонирхохоор тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболдтой уулзлаа.
-“Эрх цагаан унага” дууг хэн сайн дуулах вэ уралдааныхаа галаар мэдээлэл өгөхгүй юу?
-Сүүлийн үед хүүхдийн дуу ховордсоноос багачууд монгол ахуйгаа мартаж байна. Тэдний этгэхүй, насны онцлогт тохирсон аятайхан дуу байхгүйгээс элдэв хараал урсгасан хип хоп, эсвэл гадаад үг хэллэгтэй дуу дуулах болж. Тиймээс хүүхдэд зориулсан бүтээлийн урын санд нэг ч гэсэн дуу нэмж, тэднийг дуунд дуртай болгож байгаадаа баяртай байна. Хүүхдүүд зөвхөн “Эрх цагаан унага” дуугаар л өрсөлдөж буйгаараа энэ уралдаан онцлогтой.
-Уралдаанд оролцогчид хэдээс хэдэн насныхан байгаа вэ?
-Энэ жил анх удаа зохион байгуулж байгаа. 3-13 насны нийт 270 орчим хүүхэд оролцож байна.
-Авьяаслаг багачуудыг яагаад ганц энэ дуугаар өрсөлдүүлэхээр болов?
-Энэ дуу саяхан мэндэлсэн ч хүүхдүүдийн дунд хит болоод байгаа. “Эрх цагаан унага” жүжгийг тоглосон өдөр бүр танхим бяцхан үзэгчдээр дүүрсэн. Дууны уралдаанд ч нийслэл, орон нутгаас хүүхдүүд идэвхтэй оролцож байгааг харвал тэдэнд хүүхдийн уран бүтээл дутагдаж байгаа нь илт. Хүүхдүүд өөрт байхгүй зүйлээ илүү сонирхдог шүү дээ. Сүүлийн үед гарч байгаа хүн бүрт байдаг гар утас, машины тухай дуунаас унага, ишигний талаар өгүүлэх дууг тэд илүү сонирхоно шүү дээ. Тэгээд ч багачууд монгол хэл, ахуйгаасаа хэтэрхий хөндийрөөд байгаа юм шиг санагдаж байна. Тиймээс сургаалийн үгтэй, тэдний нас сэтгэхүйд тохирсон энэ дууг сонгон, уралдаан зарласан юм.
-Уралдааныг ямар шатлалаар зохион байгуулах вэ?
-Өнөөдөр, маргааш /өчигдөр, өнөөдөр/ эхний шалгаруулалтыг явуулна. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг 17-нд нь зохион байгуулна. Тэндээс шалгарсан хүүхдүүд арванхоёрдугаар сарын 23-нд гала тоглолтод оролцож, шилдгийн пшлдгүүдээ тодруулах юм.
-Цаашид энэ уралдааныг уламжлал болгон зохион байгуулах уу?
-Хэрвээ төсөл амжилттай хэрэгжиж, уралдааны үр дүн сайн гарвал цаашид уламжлал болгох бодол бий. Гэхдээ дараа дараагийнхыг ишиг, хурга, ботго, тугал гээд таван хошуу малын төлийн тухай дуунуудаар нэрлэнэ гэж бодож байгаа. Сүүлийн үеийн хүүхдүүд хөдөө аж ахуйгаас төсөөрч хурга, ишгээ ч ялгахгүй байна шүү дээ. Түүний оронд нохой, муурыг сайн ялгадаг болж. Ингэж болохгүй биз дээ. Уг нь хөдөө аж ахуй гэдэг зүйл бидэнд хамгийн ойр дөхөм байх ёстой шүү дээ.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс байна?
-Зарим уралдааны шүүгчид хүүхдүүдийг маш их загнадаг. Тэгснээр хүүхдийг урлаг хэмээх агуу зүйлээс айлгаж, үргээдэг аюултай. Манай уралдаан энэ талаараа өөр. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ардын жүжигчин Ж.Самбуу, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, гавьяат жүжигчин Эрдэнэцэцэг, Монголын хүүхдийн ордны багш Б.Ганчимэг нар багтаж байгаа.
-Уралдаанд түрүүлсэн хүүхдүүдийг яаж урамшуулах вэ?
-Манай уралдааныг NTV телевиз хамтран зохион байгуулж байгаа. Харин дэмжигч байгууллагаар Төрийн банк, ‘Teso” компани оролцож байна. Түрүүлсэн хүүхдийг Төрийн банкны ах эгч нар нь хоёр сая төгрөгтэй хадгаламжийн дэвтрээр шагнана. Мөн “Teso” компанийн бүтээгдэхүүнүүдээс бүтэн жилийн турш үнэгүй хэрэглэх эрхтэй болно. Мөн Төрийн банк хүүхдийн уран бүтээлийг дэмжигч байгууллагын хувьд хүүхдийн хадгаламжийн дэвтрээ “Эрх цагаан унага” гэж нэрлэхээр болсон. Харин манайхан тэдгээр хүүхдийг аав ээжтэйгээ бүтэн жилийн турш манай чуулгын тавьсан тоглолтыг үзэх эрхээр шагнана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!