Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхбаярлах: Өсвөр насны хүүхдүүд ургамлын харшлаар өвчлөх нь их байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил гэдэг.  Харшил нь дэлхий дахинд нийгмийн хөгжилтэй зэрэгцэн улам ихэсч байгаа эмгэг юм.

Сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хүрэгсдийн 5%, хүүхдүүдийн 15% нь өвчилсөн гэх судалгаа байдаг аж.

Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсний 15-20%, эм тарианы 20-25% нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг судлаачид тогтоожээ.

Харшлын талаар Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор С.Мөнхбаярлах эмчтэй ярилцлаа.

-Мэдээж олон төрлийн харшилтай хүмүүс байдаг байх. Тэр дундаас юуны харшлаар Монголчууд өвчлөөд байгаа вэ?

-Дархлааны A, M, G, D ,E гэх таван төрлийн уураг хүнд байдаг. Үүнээс "Е" уургийн эсрэг биеийн хэмжээ хэт  ихөндөр болсноос хүн харшилтай болдог.

Амьтан, ургамал, техник технологи, хөгц, мөөгнөөс эхлээд дурын зүйл шингэсэн нийт 2,800 орчим харшил үүсэх шалтгаан бий. Харин Монгол оронд салхиар тоос хүртээдэг ургамал түлхүү ургадаг учраас ургамын тоосны харшилтай хүмүүс их байдаг. Ургамлын харшил нь тавдугаар сараас эхлээд есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Гэхдээ тухайн харшил үүсгэгч ургамлын төрөл зүйлээс хамаараад цэцэглэлтийн хугацаа нь ч өөр өөр.

Тухайлбал, модлог ургамлын цэцэглэх хугацаа хавар байдаг. Харин өвслөг ургамлын цэцэглэх хугацаа зун бол хөл газрын ургамлын цэцэглэх тоосжилтын хугацаа нь намар юм. Ялангуяа Монгол оронд хөл газрын ургамал буюу намар цэцэглэдэг ургамлын тоосжилт эрчтэй байдаг. Тиймээс монголчууп хөл газрын ургамлын харшлаар их өвчилж байна.

- Тэгвэл ургамлын харшлаар ихэвчлэн ямар хүмүүс их өвчилдөг вэ?

-Ургамлын харшилд өвчилсөн хүмүүст насны ялгаа их байна. Сүүлийн үед хүүхдийн харшил эрс ихссэн. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд ургамлын харшлаар өвчлөх нь их тохиолдож байна. Судалгаагаар хамрын харшлын тархалт нь Улаанбаатар хүн амын дунд 24 хувь байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын дөрвөн хүн тутмын нэг нь ургамлын харшилтай гэсэн үг. Бүр ургамлын тоосны харшлын хүндрэлээс болж нас барсан тохиолдол ч бий.

-Харшил ингэж залуужаад байгаагийн шалтгаан нь юу бол ?

-Харшил өвчин нь өөрөө удамших хандлагатай. Харшилтай хүмүүсийн тал хувь нь удмаасаа ямар нэг зүйлээс харшламтгай төрсөн байдаг. Үүнээсээ болоод харшлаар өвчлөх магадлалтай. Харин үлдсэн тал хувь нь олон хүчин зүйлийн нөлөөнөөс хамаардаг. Тухайлбал, идэвхигүй тамхидалтанд өртдөг хүмүүс харшилтай болж байна, мөн агаарын бохирдол, ялангуяа дизейль хөдөлгүүрийн утаа тортогоор амьсгалж байгаа хүмүүс харшилтай болж байна. Хүний арьс салст бүрхүүл тэр чигээрээ бичил биетнүүдээр хүрээлэгдсэн гэж үздэг. Тэр нь эвдэрч өөрчлөгдөх юм бол харшилтай болдог. 

Судлаачдын дүгнэлтүүдээс үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгааг тогтоосон боловч одоогийн байдлаар хамгийн чухал нь удамшлын хүчин зүйл юм.

- Харшил хотжилттой холбоотой юу? Яагаад хөдөө амьдардаг хүмүүс аливаа харшлаар бага өвчилдөг юм бэ?

- Хөдөө сум хүн амын дунд харшлын өвчлөл гурав дахин бага байна. Учир нь тэр хүмүүс байгальтайгаа илүү ойр. Хүн аль болох байгальтайгаа ойр байхын хирээр байгалиас гаралтай өвчнөөр өвчилдөггүй. Бид байгалиасаа хэдийн чинээ холдож хөндийрөх тусам л харшлын өвнөөр илүү өвчилж байна.

Орчин үед бид хот газарт ирж сууршиж, хэт барууны амьдрал чиглэн, эрүүл ахуй, ариун цэврийг хэтэрхий өндөр хэмжээнд барьж, янз бүрийн химийн бодисоор ариутгасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь ихссэний улмаас харшлаар өвчлөх эрсдэл их байна.

Байгалиас хүн илүү ашигтай бичил биетнүүдийг авч байдаг бөгөөд хор учрал багатай бичил биетний эсрэг дархлааны хамгаалах үйл ажиллагаа нь идэвхитэй ажиллаж байдаг.

Харин хот суурин газарт амьдарч байгаа хүмүүс байгалийн хүнд хэрэгтэй бичил биетнүүд болон мөөгөнцөр, шимигч гэх мэт халдварын хүчин зүйлүүд эрс бага орж ирдэг.

-Тэгвэл харшлаар өвчилсөн тохиолдолд эмчлэгддэг үү?

-Хүний дархлаа тогтолцоонд маш гүнзгий өөрчлөлт орсон бол засагдахгүй. Дэлхийн анагаах ухаанд ч харшлыг бүр мөсөн эдгээдэг эмчилгээний дэвшилтэд технологи гараагүй байна. Гэхдээ шинж тэмдгүүдийг нь арилгах эмчилгээнүүд олон бий. Тухайлбал, сүүлийн үед биологийн олон бэлдмэлүүд гарч ирж байгаа нь шинж тэмдэгийг арилгах үйлчилгээтэй боловч маш өндөр үнэтэй эмнүүд байдаг. Ихэвчлэн өндөр хөгжилтэй улс орнуудад хэрэглэдэг.

-Харшлаас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Урьдчилан сэрийлэх гурван түвшин байдаг. Хамгийн эхэнд агаарын бохирдол, дизель хөдөлгүүртэй авто машины тоог бууруулах хэрэгтэй. Мөн нийслэлд байгаа харшил хөдөлгөдөг ургамлын ургалтыг багасгаж, хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах гэх мэт нийгмийг хамарсан том арга хэмжээнүүд авч байж харшлын эрсдэлийг бууруулна.

Дараа нь нэгэнт харшилтай болсон бол тухайн хүн яг юуны харшилтай гэдгээ тогтоож, мэргэжлийн эмнэлэгт хандаж, харшилтай болсон зүйлээсээ өөрийгөө хэрхэн хамгаалах тал дээр зөвлөгөө авах хэрэгтэй.

Гуравдугаарт Нэгэнт харшлын шинж тэмдэг илэрч байх юм бол түүнийг хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авч элдэв төрлийн эм шууд хэрэглэхгүй байх нь зүйтэй. Монгол оронд сүүлийн жилүүдэд эмийн зохисгүй хэрэглээнээс болж жилийн дотор зургаан хүн нас барсан тохиолдол ч бүртгэгдэж байна.

Ургамлын тоосны харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс:
  • Шарилжийн төрөл, луулийн овгийн ургамлуудын дохиурын тоосовч задрах үзэгдэл өглөөний 04:00-09:00 цаг, оройн 17:00-22:00 цагуудад эрчимждэг. Энэ үед хаалга цонхоо онгойлгохгүй байх
  • Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх
  • Гадуур өмсөж явсан хувцасаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийж тавих
  • Угаасан хувцасаа гадаа хатаахгүй байх
  • Гадуур явахдаа амны хаалт зүүх
  • Ургамалтай ажиллах шааардлага гарвал бээлий амны хаалт хэрэглэх.
Улиас мод болон шарилжийн төрөл, луулийн овгийн ургамлуудын тоосжилтын хуанли: