Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани Хятадад цензуртай хайлтын үйлчилгээ нэвтрүүлэх тухай мэдээ хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч эхлэв

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр The Intercept онлайн сэтгүүл Google компани Бээжингийн эрх баригчдын цензурыг нэвтрүүлсэн хайлтын системийн хувилбараа Хятадад гаргах гэж байгаа тухай баримт бичгийг олж нийтэлжээ.

“Dragonfly” нэртэй уг төсөлд хайлтын систем нь Андроид аппликэшн хэлбэрээр Хятадын зах зээлд гарахаар төлөвлөж байгааг өгүүлсэн байна.

Бусад хэвлэлүүд ч уг мэдээллийг баталсан юм.

Гэвч энэ мэдээлэл АНУ-ын улс төрчид, Google-ийн хэрэглэгчдийн групп, тус компанийн ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ.

Google 2010 онд Хятадын засгийн газрын цензурын нөхцлийг зөвшөөрөөгүйн улмаас тус улсын зах зээлээс гарч байв. Тэгвэл тэд энэ шийдвэрээсээ буцаж, эх газрын Хятадад эргэн ирэхээр төлөвлөжээ.

Сенатор Марко Рубио “Одоохондоо эргэлзэж байгаа ч уг мэдээллийг батлахаар ажиллаж байна. Google цензуртай хайлтын системийг Хятадад нэвтрүүлэх гэж байгаа тухай уншаад маш их харамслаа. Тэд өөрийн улсын батлан хамгаалах салбарт туслахаас татгалзсан мөртлөө Хятадын засгийн газарт үнэнийг нуухад нь туслахаар шийдлээ гэж үү?” хэмээн твиттер хуудсандаа бичсэн байна.

Google саяхан өөрийн хөгжүүлсэн хиймэл оюуны технологийг засгийн газрын шинэ зэвсэг бүтээх төсөлд ашиглуулахгүй гэдгээ мэдэгдэж байсныг Рубио дурдсан бололтой.

Энэ оны эхээр Google-ийг Пентагонтой хамтран ажиллаж байгаа гэсэн мэдээлэл тарсны дараа тус компанийн хэдэн мянган ажилтан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байсан юм.

Зарим нь бүр эсэргүүцлээ хүнд хэлбэрээр илэрхийлж, ажлаасаа гарч байв.

Тэгвэл энэ удаа ч Google-ийн ажилчдын дунд Хятадын цензурыг хүлээн авахын эсрэг тэмцэл өрнөж магадгүй болсон байна.

Тус компанийн ажилчдын зарим нь сошиал сүлжээнд энэ тухай эхнээсээ мэдэгдэж эхэлжээ.

Google компани одоохондоо дээр тарсан мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийгээгүй байна.

 

Эх сурвалж: Tech Insider