Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Фетхуллах Гюлен: Эрдоганы эсрэг зоригтойгоор үг хэлэх хүн Турк Улсад үлдээгүй

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг

Өнгөрсөн 2016 оны долоодугаар сард турк Улсад төрийн эргэлт хийх оролдлого болсноос хойш тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Фетхуллах Гюлен нарын зөрчил хурцадсан. Баруун гар нь байсан гюленистүүдтэй түнжин хагарснаас хойш Эрдоган муугаар эргэсэн хэрэг бүхнийг Гюлен рүү чихэх болсон гэвэл хилсдэхгүй.

Турк Ерөнхийлөгчийн засаглалд шилжсэн болон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос хойш гурван жил өнгөрч буйтай холбогдуулан Фетхуллах Гюлен өнгөрсөн сард Францын “France 24” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр 1998 оноос хойш АНУ-д амьдарч байгаа юм.

Ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Ноён Гюлен бидний хүсэлтийг хүлээн авч, ярилцаж байгаад баяртай байна. 2016 оны долоодугаар сарын 15-нд Турк Улсад болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос хойш хоёр жил өнгөрчээ. Ерөнхийлөгч Эрдоган уг оролдлогын ард таныг байгаа гэж буруутгадаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгчтэй муугүй харилцаатай. Тиймээс Трамп Ерөнхийлөгчийн засаг захиргааны үед таныг Турк Улсад эргүүлэн өгөх вий гэсэн айдас таньд бий юу?

-АНУ бол ардчилсан улс. Тиймээс намайг Турк руу эргүүлэн буцааж, эрсдэлтэй алхам хийхгүй болов уу гэж бодож байна. Түүнчлэн төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын ард намайг байгаа гэх ямар ч баталгаа байхгүй. Турк Улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг Европын шүүх шалгаж байгаа. Хариу нь албан ёсоор гараагүй байна. Гарсан тохиолдолд бүх зүйл тодорхой болно.

-Туркийн Ерөнхийлөгч Эрдоган та хоёр түншүүд, найз нөхөд байсан. Харин одоо бол дайснууд. Та хоёрын дунд чухам юу болсон юм бэ?

-Би түүнд хэзээ ч муу санаж байгаагүй. Түүнчлэн би бол улс төрийн хүн биш, хэзээ ч улс төрд орж явсангүй. Бид хоёрын харилцаа ч тийм дотно бус. Эрдоган хааяа над дээр ирж, бид санал бодлоо солилцдог байсан. Биднийг хамтдаа байгаа зургийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэлж, сайн найзууд гэж бичих болсон юм.

-Та сая өөрийгөө улс төрийн хүн биш гэлээ. Гэхдээ өнгөрсөн 2016 онд болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг та ямар нэгэн байдлаар дэмжиж, санхүүгийн тусламж үзүүлсэн үү?

-Би 20 жил АНУ-д амьдарч байна. Намайг төрийн эргэлтэд холбоотой гэх хүмүүс үүнийгээ батлах ёстой, гэтэл тийм юм байхгүй. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын талаар би юу ч мэдэхгүй. 

-Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын улмаас 200 орчим хүн амиа алдаж, 15 мянга орчим хүн ажлаасаа халагдаж, олон мянган хүн шоронд хоригдож байна. Эдгээр бүх хүн гюленистүүд гэх шалтгаанаар ийнхүү “цэвэрлэгээ”-ний золиос боллоо. Харин удирдагчийн хувьд та юу хийж чадах вэ?

-Турк Улсад Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгслээс бусад бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаагдсан. Тэгэхээр надад өөрийн дуу хоолойгоо хүргэх боломж байхгүй.

-Та Абдаль Уксус гэж мэдэх үү. Түүнийг Туркийн Засгийн газраас төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын гол буруутан гэж үзэж байгаа ч одоогоор ор сураггүй болоод байгаа. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын өмнө Уксусыг таньтай уулзсан гэх мэдээлэл байна?

- Абдаль Уксус манай сурагчдын нэг. Манай сургуулийн төгсөгчийн хувиар би түүнтэй нэг удаа л уулзаж байсан. Ер нь намайг зорьж АНУ-д ирж олон хүн уулздаг. АНУ-ын Тагнуулын ерөнхий газраас ч гэсэн надтай уулзаж байсан. Уулзсан хүн бүрийн зургийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл авч, ямар нэгэн байдлаар надтай холбон бичдэг.

-Афганистан, Сомали зэрэг улс дахь турк сургууль хаагдсан. Түүнчлэн таныг дэмжигч олон мянган хүн хоригдож буй. Тиймээс Фето бүлэглэлийн үйл ажиллагаа зогссон гэж ойлгож болох уу?

-Хэдийгээр зарим улсад турк сургуулийг хааж, үйл ажиллагаа явуулахыг нь хориглож байгаа ч дэлхийн 170 оронд тэр тусмаа АНУ-д хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэгэхээр цаашид боловсролыг түгээх үйл ажиллагаа маань үргэлжилсээр байх болно. 

-Таны бодлоор өнгөрсөн жилийн төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын ард хэн байгаа вэ?

-Шинжээчдийн үзэж буйгаар өнгөрсөн оны төрийн эргэлтийг төлөвлөөгүй байсан бөгөөд маш олон зүйл тодорхойгүй үлдсэн. Тухайлбал, төрийн эргэлтийн зорилго юу байв, маш богино хугацаанд тийм олон сэжигтнийг хэрхэн илрүүлэв гэх зэрэг төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа би Туркийн эрх баригчдад хандан олон улсын мөрдөн шалгалт хийхийг санал болгосон. Түүнчлэн хэрэв үнэхээр энэ хэргийн ард намайг байгаа гэдгийг нотолбол өөрийн биеэр Туркт очъё гэдгээ ч Эрдоганд илэрхийлсэн.

-Туркийн ард түмэнд тулгараад буй нөхцөл байдлыг даван туулахын тулд юу хийх хэрэгтэй вэ. Эрдоганыг хууль бус зүйл хийж, олон мянган гэмгүй хүнийг барьж хорьсных нь төлөө олон улсын шүүхэд гомдол гаргаж болох уу?

-Эрдоганы эсрэг “Чиний хийж буй бүхэн хил хязгаарыг хэдийнэ давлаа. Одоо хангалттай” гэж зоригтойгоор хэлэх хүн Турк Улсад үлдээгүй. Түүнийг эсэргүүцдэг, зогсоох гэсэн хүн бүр шоронд хоригдож байна. Харин үлдсэн хэсэг нь ямар замаар явж, юу хийх ёстойгоо мэдэхгүй байгаа бололтой.

-Эрдоганы дэглэмийг эсэргүүцсэн төрийн эргэлт дахин давтагдах болов уу?

-Өнгөрсөн жил болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлого жинхэнэ байгаагүй. Дахин төрийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийн эргэлт хийх нь Эрдоганы дэглэмийг зогсоох ардчилсан бус арга юм.

-Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа АНУ-д амьдардаг хэдэн зуун туркчууд Цагаан ордны гадаа жагсаж, гэмт хэрэгтэн буюу таныг Туркийн талд шилжүүлэн өгөхийг шаардаж байсан. Эдгээр эсэргүүцлийн жагсаалыг цаанаас нь санхүүжүүлж байсан болов уу?

-АНУ-д зохион байгуулагдаж байсан эсэргүүцлийн жагсаалын олонх нь Эрдоганы дэглэмийг эсэргүүцсэн жагсаал байдаг. Гэхдээ Америкт Туркийн эрх баригчидтай нягт харилцаатай, хамтран ажилладаг маш олон байгууллага бий. Тэдний зүгээс намайг шилжүүлэхийг шаардсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байхыг үгүйсгэхгүй. Би АНУ-д амьдраад 20 орчим жил болжээ. Энэ хугацаанд тус улсын Засгийн газар, ард иргэд болон улсдаа амьдарч буй гаднын иргэдийн аюулгүй байдлыг маш сайн хамгаалдаг гэдгийг мэдсэн.

-Та Турк Улсад очиж амьдрахыг хүсэж байна уу?

-Маш их хүсэж байна. Эх орондоо очиж, өссөн нутагтаа амьдармаар байна. Гэвч би өнөөгийн Засгийн газар эрх барьж буй цагт хэзээ ч очиж чадахгүй. Тиймээс асуудал үүсгэхгүйн тулд очихгүй байсан нь дээр байх.

-Танд туркчүүдэд хандан хэлэх үг байна уу?

-Өнөөдөр бид маш хүнд хэцүү цаг үед амьдарч байна. Терроризм гэх аюул дэлхий нийтийг аалзны тор адил бүрхээд байгаа бол нөгөө талаас террорист бүлэглэлүүдийг ашиглаж өөрийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх гэсэн шунахай сэтгэлтнүүдийн золиос болсоор байна. Тиймээс би бүх ислам шашинтнуудад хандан туркчүүдийн авралын төлөө бурханд залбираач гэж хүсмээр байна.

Зураг