Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын ERXES Цахиурын хөндийг зорихоор боллоо

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Технологийн компаниудын өлгий нутаг болсон Цахиурын хөндийн өвөрмөц санаа, шийдэл санал болгосон гарааны бизнесүүдийг дэмждэг Blaxbox connect хөтөлбөрт дэлхийн 13 орны 14 интерпренер шалгаруулсны нэгд Монголоос А.Мэнд-Орших захиралтай ERXES маркетинг,  борлуулалтын платформын баг багтжээ. 

Бизнес хөгжүүлэлт, дэвшилтэт маркетинг, мэдээлэл технологийн чиглэлээр салбартаа тэргүүлэн ажиллаж буй “Нью медиа групп” өнгөрсөн найман жилийн хугацаанд олон улс руу чиглэсэн хэд хэдэн технологийн бүтээгдэхүүн хөгжүүлснээс 2018 оны эхний улиралд дотоодын зах зээлд ERXES маркетинг, борлуулалтын платформыг нэвтрүүлснээр ийнхүү “Цахиурын хөндий”-г зорихоор болжээ. 

Дэлхий ертөнц, нийгэм, технологи, бизнес, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт шинэлэг санаа, инновацийн шийдэл эрэлхийлдэг Цахиурын хөндийнхөн өвөрмөц санаа, шийдэл санал болгосон гарааны бизнесүүдийг үргэлж дэмжихийг эрмэлздэг. Тэр ч утгаараа олон олон инкубатор хөтөлбөрийг бодлогынхоо хүрээнд зохион байгуулдаг бөгөөд ERXES маркетинг, борлуулалтын платформ Blaxbox connect-д шалгарснаар Цахиурын хөндийд 2018 оны 8-9 дүгээр сард явагдах дөрвөн хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон байна. Үүнд:

  • Founder University (2018 оны 8 сарын 6-8-ны өдөр) - Цахиурын хөндийн “томчуудын” нэг LAUNCH.co-оос зохион байгуулж буй гурван өдрийн арга хэмжээ бөгөөд хөтөлбөрт хамрагдагчид нь бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан боловч хөрөнгө босгох эхний шатанд хөрөнгө оруулалт татаж чадаагүй гарааны бизнесийн үүсгэн байгуулагчид байх юм. Старт-Апуудын хувьд чухал ойлголтуудын нэг болох найраа, түүнийг хэрхэн төгс хийхээс эхлээд, багаа зөв бүрдүүлэх, зах зээлд өргөжих стратеги, борлуулалтаа зөв оновчлох гэх мэт нэн чухал чадваруудыг олгох энэ хөтөлбөр Сан Франциско хотод явагдана. 
  • Shape North America (2018 оны 8 сарын 9-12-ны өдөр) - Дөрөв хоногийн турш АНУ-ын Сакраменто хотод явагдана. Арга хэмжээг зохион байгуулагч The Global Shapers Community нь “Дэлхийн Эдийн Засгийн Форум”-аас төрөн гарсан, дэлхий даяар 157 улсын 378 хотод 7000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг залуусын нэгдэл юм. Дэлхийн нийтийн чиг хандлага, тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй технологийн эрин зуун, түүнтэй хэрхэн хөл нийлүүлэн алхах, ажлын чиг шугамаа хэрхэн тодорхойлох, туршлага, сайн дурын үйл ажиллагаанд хэрхэн нэгдэх гэх мэт хөтөлбөрүүдийг багтаасан энэ арга хэмжээнд оролцогчид өөрсдийгөө сайжруулахын зэрэгцээ чухал харилцаа холбоо тогтооход чухал нөлөө үзүүлнэ.
  • Black Box Connect 23 (2018 оны 8 сарын 13-24-ний өдөр) - Хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрээс гарааны бизнесийн үүсгэн байгуулагчдыг өндөр шалгаруулалтын хүрээнд цугларуулж, цаашдын үйл ажиллагаа, хоорондын харилцаа холбоог нь сайжруулах зорилготой юм. Сонгогдсон оролцогчид Сан Франциско хотод хоёр долоо хоногийн турш байрлан, энэ хөтөлбөрт хамрагдсан CEO нар “Цахиурын хөндий” хэрхэн ажилладаг, мөн тэндхийн хүмүүстэй чухал харилцаа холбоо тогтоохоос эхлээд бизнесийн стратегиа тодорхойлох, дэлхий дахинд танигдах, бүтээгдэхүүн, хөрөнгө босгох арга техникүүд болон туршлагатай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах зэрэг маш чухал ач холбогдолтой хөтөлбөрүүдийг сургалт хэлбэрээр авна.
  • TechCrunch Disrupt (2018 оны 9 сарын 5-7-ны өдөр) - Энэ хөтөлбөр нь бүхэлдээ Гарааны бизнесийн тухай бөгөөд Технологийн салбар болон гарааны бизнесийн акулууд илтгэл тавьж туршлагаа хуваалцана. Арга хэмжээний гол хэсэг бол эхний шатандаа яваа гарааны бизнесүүд найраа буюу Pitch-ээрээ хоорондоо өрсөлдөх ба ялагч нь TechCrunch-н тайзан дээрээс 100,000 ам.долларын шагналыг хожихын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хамгийн гол нь хөрөнгө оруулагчдад өөрсдийгөө таниулах боломжтой юм байна. 

ERXES нь хэрэглэгчтэй харилцах, маркетинг борлуулалтын шийдэл санал болгодгоороо HubSpot, Salesforce зэрэг гадны программуудтай төстэй боловч функц, ажиллагаа, байгууллагын онцлогт нийцсэн нэмэлт хөгжүүлэлт хийх боломж зэргээрээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, үйл ажиллагаанд илүү нийцсэн, хиймэл оюун ухаанд суурилсан нээлттэй эхийн платформ юм байна. 

ERXES багийнхан 2018 оны тавдугаар сарын 7-нд Зайсан Хилл цогцолборт зохион байгуулагдсан Echelon TOP 100 APAC 2018 арга хэмжээнд өрсөлдсөнөөс Монгол Улсдаа тэргүүлж, Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэг болсон. 

Дэлхийд танигдсан хэд хэдэн технологийн компани Blackbox connect-ээс ялагчид болж байсан бөгөөд TechCrunch-ийн тайзнаа өрсөлдөж байсан старт-апууд нийт 8 тэрбум ам.долларын хөрөнгийг бусад талбаруудаас босгож чадсан гэсэн тоо баримт байдаг.