Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Александр Новак: Газрын тосны ханш 50 ам.доллараас буурахгүй бол ОХУ-д ашигтай

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 7 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакын “CNBC" телевизэд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Ярилцлагаа ОПЕК-ийн гишүүн орнуудын хамгийн. сүүлд хийсэн уулзалт, үр дүнгийн талаар эхлүүлье. ОПЕК-ийн гишүүн орнуудын хамгийн сүүлийн уулзалтаар ямар тохиролцоонд хүрсэн бэ?

-Сүүлийн жилүүдэд газрын тосны үнэ хурдацтай буурсан. Газрын тосны үнэ буураад буй энэ үед ОПЕК-ийн гишүүн орнуудын уулзалт чухал нөлөөтэй. Олборлогч орнууд үйлдвэрлэлийн талаар зөвлөлдөж, зах зээлийн ханшийн мэдээ, урт болон богино хугацааны үнийн талаарх прогнозийг гаргаж, дэлхий дахинд хэрэглэж буй техник технологийн талаар туршлага судалж, газрын тос, байгалийн хийн хэтийн төлөв, хөгжлийн туршлага солилцох боломж бүрддэг. Газрын тосноос эдийн засаг нь хараат байдаг орнуудын хувьд ОПЕК-ийн уулзалт чухал байр суурь эзэлдэг. Өнгөрсөн онд болсон ОПЕК-ийн гишүүн орнуудын уулзалтаар ОПЕК-ийн гишүүн бус нефть экспортлогч хэд хэдэн орноос олборлолтоо багасгах гэрээг сунгах тухай яриа хэлэлцээ хийсэн.

-Уулзалтын үеэр газрын тосны ханшийн талаар хэлэлцсэн үү?

-Олборлогч орнууд маш олон удаа газрын тосны зах зээлийн байдал, үнэ ханш, эрэлт болон нийлүүлэлтийн талаар хэлэлцдэг. Түүнчлэн хоёр талт уулзалт хийж, эрэлтийн урьдчилсан таамаг гаргадаг. 

Олборлогч орнууд олборлолтоо ижил түвшинд байлгаснаар ханшийг өндөр байлгах боломж бүрдэх юм. Газрын тосны зах зээл цэвэр эрэлтээс шалтгаалдаг. 2014 онд газрын тосны нийлүүлэлт харьцангуй өндөр, өдөрт 1.5 сая баррель газрын тос олборлож байсан бол тус оны гуравдугаар улирлаас эхлэн олборлолтын хэмжээ буурч өдөрт 300 мянган баррелийг олборлодог болсон. Өнгөрсөн оны эхэн үед бид ханш тогтворжиж, эрэлт нэмэгдэнэ гэж таамаглаж байсан ч төдийлөн хүссэн хэмжээнд хүрээгүй.

-Эрчим хүчний агентлаг газрын тосны ханшийг энэ онд баррель тутамдаа 50 ам.доллараас буурахгүй гэсэн. Та санал нийлж байна уу?

-Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Эрчим хүчний агентлаг болон олборлогч орнууд бүгд л өөр өөрийн гэсэн таамаг дэвшүүлдэг. Шинжээчдийн олонх нь энэ онд ч гэсэн газрын тосны үнэ төдийлөн өсөхгүй гэж таамаглаад байгаа.

Газрын тосны ханш өсөх эсэх нь эдийн засгийн өсөлтөөс шууд хамаарна. Зүүн өмнөд Азийн эдийн засаг БНХАУ-аас бараг шууд хамааралтай болоод байна. Түүнчлэн БНХАУ бол газрын тосны томоохон хэрэглэгч. Энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн газрын тосны ханш харьцангуй тогтворжиж байгаа.

-“Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв”-т тэмдэглэснээр, БНХАУ-ын эдийн засаг, нефтийн ханш унах тутамд 0.1-0.2 нэгж л өсдөг. Гэтэл газрын тосны ханш өсөх эсэх нь эдийн засгийн өсөлтөөс тэр тусмаа БНХАУ-ын эдийн засгаас шууд хамаарна гэж та дээр дурдсан. Тэгэхээр энэ нь хоорондоо урвуу хамааралтай болохгүй гэж үү?

-БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээн дэх нефтийн эзлэх хувь хязгаартай байдаг болохоор эдийн засагт үзүүлэх нөлөө нь төдийлөн их биш.

-Сангийн сайд эрчим хүч үйлдвэрлэгчдийн татварыг нэмэх сонирхолтой буйгаа илэрхийлж байсан. Хэрэв татвар нэмэгдвэл үйлдвэрлэл буурах уу?

-Татварын өчүүхэн бага өөрчлөлт ямар ч үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг. Манай улс энэ жилийн хувьд өдөрт 100 мянган баррель газрын тос олборлоногэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хэрэв татвар нэмэгдвэл олборлолт буурах нь тодорхой.

-Цаашдаа газрын тосны ханшийг ямар байхаар таамаглаж байна вэ?

-Би энэ талаар маш олон удаа ярьж байна даа. Бидний тооцоолж буйгаар ирэх 1-2 жилийн хугацаанд газрын тосны ханш баррель тутамдаа 50-60 ам.доллар, брент маркийнх 50-70 ам.долларын хооронд хэлбэлзэнэ. Ерөнхийдөө газрын госны ханшийг 60 ам.доллараас хэтрэхгүй гэж тооцоолох хэрэгтэй.

-Газрын тосны ханш ямар хэмжээнд байсан тохиолдолд ОХУ-д алдагдалгүй вэ?

-Газрын тос, түүхий нефтийн хэрэглээгээр АНУ дэлхийд тэргүүлдэг. Тус үлс өдөрт дунджаар 19 сая баррель газрын тос хэрэглэдэг. Газрын тосны хэрэглээгээр АНУ-ын дараа дэлхийн хоёрдогч том эдийн засаг бүхий БНХАУ ордог. Тус улсын хэрэглээ өдөрт дунджаар 9.5 сая баррель түүхий нефтээр хэмжигдэж байна. Түүнчлэн Япон, Энэтхэг Улсууд хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг.

Зах зээлийн ерөнхий төлөв байдлыг харвал ерөнхийдөө нийлүүлэлтийн илүүдэл газрын тосны зах зээлд зонхилж улмаар зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн алтан дүрмийн дагуу үнийн уналт явагдаж байгаа юм. Энэ тохиолдолд зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд аливаа улс орон, компаниуд зардлын хамгийн боломжит бага түвшинд хямд үнийн бодлого баримталж ажилладаг. Ингэснээр тухайн зах зээлд эзлэх байр сууриа хадгалж үлдэх боломж бий болдог. Энэ үед бага зардлаар их хэмжээтэй үйлдвэрлэх чадамжгүй жижиг компаниуд шахагдан гардаг.

Өрсөлдөөний энэхүү стратегийн дагуу улс орнууд нийлүүлэлтийг улам нэмэгдүүлэх нь цаашид үнийг улам унагах эрсдэлд хүргэж байгаа юм. Харин манай улсын хувьд газрын тосны ханш 50 ам.доллараас буурахгүй байсан тохиолдолд эдийн засгийн хувьд алдагдалгүй ажиллах боломжтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд газрын тосны ханш 50 гаруй хувиар буурч, баррель тутамдаа 30 ам.доллар болж буурсан нь ОХУ төдийгүй дэлхийн олон орны хувьд хүндхэн цохилт болсон.

-Саудын Араб тэргүүтэй булангийн орнууд бол газрын тос болон байгалийн хийн гол олборлогч мөн экспортлогч Катар болон булангийн орнуудын хооронд үүсээд буй нөхцөл газрын тосны ханшинд нөлөөлөх үү?

-Катар бол дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр ч тэргүүлдэг улс. ОПЕК-ийн болон өөр бусад улсууд газрын тосны үнийг өсгөх зорилгоор олборлолтоо бууруулах тохиролцоонд хүрээд удаагүй байгаа. Үл ойлголцлоос болж эдгээр орнуудын нэг нэгэндээ итгэх итгэл суларч магадгүй юм. Сөргөлдөгч талууд газрын тосны зах зээлийг улс төрөөс ялгаж, салгана гэдгээ илэрхийлсэн. Харин яваандаа өөрчлөлт гарахыг хэн ч үгүйсгэхгүй юм. Тухайлбал, байдал одоогийнхоос илүү хурцадвал газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 60 ам.доллараас давж магадгүй юм.

Зураг