Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн банк нийт 128.7 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкнаас сар бүр санхүү, эдийн засгийн статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг билээ.

"Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд  хувийн секторуудыг дайчлахыг зорьж байгаа" 

Энэ удаагийн ээлжит хурлын эхэнд Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаа "Энэ сарын хувьд үнийн өсөлттэй холбоотойгоор инфляци өсч, Улаанбаатарт 7.2 хувьтай, улсын хэмжээнд 8 хувьтай байгаа. 

Мөн 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээ хийгдсэн. Системийн хэмжээнд 510 тэрбум орчим төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг тогтоож, 2018 онд багтаан банкуудад дээрх дутагдлаа нөхөх үүргийг өгсөн. Үүрэг өгснөөс хойш/тавдугаар сараас хойш/ дөрвөн банк нийтдээ 128.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Энэ нь дээрх нэмэгдүүлэх шаардлагатай өөрийн хөрөнгийн 25.2 хувийг эзэлж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн банкны салбарт хийсэн активын үнэлгээтэй холбоотой дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан өгсөн юм.

Тэрбээр "УИХ-аар банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийн төсөл батлагдсан. Уг хуулийн төслийн зорилго банкны салбарын тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг хангахад оршиж байгаа. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд  хувийн секторуудыг дайчлахыг зорьж байгаа. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар дөрвөн банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх арга хэмжээг аваад байна. Оны эцэст банкууд үлдсэн хөрөнгийн дөрөвний гурвыг нэмэгдүүлэх  шаардлагатай" гэсэн юм. 

 "Инфляци 2018 оны эцэст 7.1 хувьтай, ирэх онд 6.8 орчим хувьтай байна гэсэн төсөөлөлттэй байгаа"

ҮСХ-ноос зарласан сүүлийн статистик мэдээллээр инфляци жилийн түвшингээрээ 8 хувьтай гарсан. Энэ нь Төв банкны зорилтот түвшинд хадгалагджээ. 

"Төв банкны зүгээс ирэх гурван жилд инфляцийг 8 хувь орчимд тогтворжуулна гэсэн зорилттойгоор мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байгаа. 

Бидний зүгээс 2018 оны эцэст инфляци 7.1 хувьтай, ирэх онд 6.8 орчим хувьтай байна гэсэн төсөөлөлттэй байгаа" хэмээн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлсэн юм.