Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

2018-2020 онд 260 гаруй мянган ажиллах хүчний хэрэгцээ бий болно

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 2016 оны эцэст 10 хувьтай байсан бол өнгөрсөн оны сүүлчээр 7.4 хувьд хүрээд буй тул ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах нь үе үеийн Засгийн газрын сорилт болсоор байна.  

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг 2018-2021 оныг дуустал хэрэгжүүлэх юм байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааны үр өгөөж нэмэгдэх бөгөөд Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад дөхөм болох аж. 

Дэлхийн банкны энэхүү төсөл нь ажил олоход хүндрэлтэй иргэн, 18-34 насны залуучууд, орлогыг орлуулан тооцох аргачлалаар тодорхойлогдсон ядуу өрхийн болон зорилтот бүлгийн 64,100 иргэнд үр шимээ өгөх зорилготой. 

Үүнээс гадна Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр улсын хэмжээнд зургаан хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж буй. Үүнд: 

  • Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
  • Ажлын байрыг дэмжих хөтөлбөр
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  • Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  • Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр багтаж байна.

Дээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2018-2020 онд байнгын 20,865, түр 41,646 ажлын байр бий болно гэсэн тооцоо байна. Тэгвэл энэ хугацаанд бүтээн байгуулалтын томоохон ажлуудад 260 гаруй мянган ажиллах хүчний хэрэгцээ шаардлага байгаа гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнээс 17.5 хувь нь шинэ ажлын байр байх аж.

Энэхүү ажиллах хүчний хэрэгцээний дүнгээс харахад ойрын гурван жилд 

  • Боловсрол, урлаг, спортын салбарт - 146,655
  • Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт - 65,850
  • Барилгын салбарт - 29,088
  • Уул уурхай, олборлолтын салбарт - 10,748
  • Эрчим хүчний салбарт 3,095 ажиллах хүчний хэрэгцээ бий болох юм байна. 

Үндэсний хөгжлийн газраас гаргасан “Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн явцын тодруулга тайлан”-нд дурдсанаар Засгийн газраас  2018 онд баталсан “Хөгжлийн гурван тулгуурт бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд нийт 263,264 ажлын байр нэмэгдэх боломжтой аж. 2012-2015 онд ажлын байр 100,000-аар тэлж, тэр дундаа барилгын салбарт хамгийн их ажлын байр бий болсон бол ирэх 2020 он хүртэл ажиллах хүчний хэрэгцээнд томоохон нөлөө үзүүлж байгаа эдийн засгийн салбар нь Хөдөө аж ахуйн салбар байх нь ээ.

 


Эх сурвалж: ХНХЯ