Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гомбогэрэл: Шинкиокушинкай карате Монголд маш хурдацтай хөгжиж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2020 оны Олимпод Каратегийн спорт албан ёсны төрөл болон оролцох болсон билээ.

Харин дэлхийн Шинкиокушинкай каратегийн холбооны ерөнхийлөгч, дэлхийн аварга, Шихан Кенжи Мидори болон Гүйцэтгэх захирал Шихан Ясуказу Кой нар өчигдрөөс эхлэн Монголд айлчилж байна. Тэд мэргэжлийн каратегийн спорт болох Фулл контакт каратегийн төрөл Монголд хэрхэн хөгжиж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Шинкиокушинкай каратегийн холбооны ерөнхийлөгч Шихан Кенжи Мидори "Каратегийн чиглэл хоёр хуваагдаад байгаа нь спортын болон мэргэжлийн каратегийн төрөл юм. Харин 2020 онд болох олимпод спорт каратегийн төрөл оролцох болсон. Олимпод оролцох спортын карате нь хүний биед хүрэхгүйгээр оноо авдаг бол манай Фулл Контакт каратегийн төрөл нь бие биендээ хүрч цохиж болдог. Энэ нь цэвэр тулааны урлаг учраас бусад каратегийнхаа төрлөөс маш хэцүү. Фулл Контакт каратегийн гайхамшигтай зүйл нь хэчнээн хэцүү байсан ч ялагч зөвхөн сэтгэл зүйгээрээ тодордогт оршдог.

Энэ удаад Монгол Улсад мэргэжлийн карате хөгжих суурийг нь засахын тулд бид энд ирээд байна. Японы сумод хамгийн хүчтэй нь Монгол хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг яагаад ийм хүчтэй байгаа талаар учир шалтгааныг мэдэхийг маш их хүссэн маань намайг Монгол руу авчирсан. Мэргэжлийн каратед тухайн хүний дайчин байдал чухал. Сумогийн Монгол тамирчдад дайчин чанар их анзаарагддаг учир тэдгээр их аваргууд шиг мэргэжлийн каратегийн аварга ч мөн Монгол Улсаас төрнө гэж бодож байна.

Манай Шинкиокушинкай каратегийн  холбоонд нийт 95 улс хамрагдсан ба нийт 100 мянга орчим гишүүнтэй. 2020 онд болох Токиогийн олимптой зэрэгцэн Шинкиокушинкай каратегийн дөрвөн жилд нэг удаа зохиогддог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Олимпод манай төрөл оролцохгүй боловч бид өөрсдийнхөө дунд нэг ёсны олимп зохион байгуулна гэсэн үг" гэв.

Фулл Контакт каратегийн нийт 300 гаруй төрөл байдаг. Харин олон улсын олимпийн хорооноос эдгээрийг нэгдэж уралдаан тэмцээнд оролцохыг уриалдаг байна.

Монголын Каратегийн холбооны ерөнхийлөгч Б.Гомбогэрэл "Өнөөдөр Монголын  каратегийн холбооны хувьд маш чухал үйл явдал болж байна. Энэ хүнийг Монголд албан ёсоор авчрахын тулд маш их хугацаа шаарддагдах байсан ч тэр өөрийн хүсэлтээр ирсэн нь маш том завшаан юм. Шинкиокушинкай карате Монголд маш хурдацтай хөгжиж байгаа. Энэ төрлөөр манай улс олон улсын чанартай уралдаанд их оролцох болсон" гэв.

Шинкиокушинкай каратегийн тулааны үед ямар нэгэн хамгаалалт, бээлий гэх мэт зүйлсийг хэргэлдэггүй учир жинхэнэ бодит тулааны урлаг гэж үздэг байна.

Манай улс 2014 онд WKO Shinkyokushinkai байгууллагын гишүүн орноор элсэж одоогийн байдлаар нийт 15 салбар клуб, 260 гаруй тамирчид тогтмол хичээллэж олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол оролцож томоохон амжилтуудыг үзүүлжээ.