Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Хүн амын сангаас гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд тусламж үзүүллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 26
iKon.MN

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үерийн гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүн амын сангаас ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

 

Энэ үеэр  НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Онцгой байдал, гамшгийн үед ихэвчлэн хоол унд, орон байр зэрэг хэрэгцээнд илүү анхаарал хандуулж, охид, эмэгтэйчүүдийн өвөрмөц хэрэгцээг орхидуулдаг. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас энэ тал дээр анхаарал хандуулж,  24 сая төгрөгийн өртөг бүхий 250 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өгч байна” хэмээн онцлов.

Харин ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Баян-Өлгий аймагт болсон үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, охид, эмэгтэйчүүдийн асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулж байгаа" гээд НҮБ-ын Хүн амын сангийнханд талархал илэрхийллээ.

НҮБ-ын Хүн амын сангаас бэлтгэн хандивлаж байгаа Ариун цэвэр, эрүүл ахуйн багц нь хүмүүнлэгийн нөхцөлд охид, эмэгтэйчүүд өөрсдийн ариун цэвэр, эрүүл ахуйн хэрэгцээ, эрүүл мэнд, аюулгүй байдлаа зохих түвшинд хангахад шаардлагатай эд зүйлсээс бүрджээ. Тухайлбал, ариун цэврийн хэрэглэл, нүүр гарын болон барааны саван, дотуур хувцас, оймс, хувцас, гар нүүрийн алчуур, шүдний оо, сойз зэрэг зүйлс багцад орсон байна.

Мөн зайгаар ажилладаг гар чийдэнг эмэгтэйчүүд шөнө оройн цагаар гарч явахдаа ашиглах боломжтой бөгөөд гамшгийн үед охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан болон бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байдаг тул өөрийгөө аюулаас хамгаалах зорилгоор ашиглах шүгэлийг энэ багцад оруулсан гэдгийг онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.