Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Өрсөлдөх чадвараараа сүүл мушгидаг Дундговьчууд дундаж наслалтаараа УЛСАА тэргүүлж байна

Б.Ану
2018 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, ДУНДГОВЬ АЙМАГ, 2018 он

Монголын хүн амын дундаж наслалт 1990 онтой харьцуулахад 6.52 насаар нэмэгджээ. 

1990 онд эрчүүдийн дундаж наслалт 60.37 байсан бол эмэгтэйчүүдийнх 66.22 буюу улсын дундаж наслалт 63.37 байж. 

Тэгвэл 2017 он буюу 27 жилийн дараа энэ үзүүлэлт 69.89 болж нэмэгджээ. 

Хэдийгээр 1990 онтой харьцуулахад дундаж наслалт нэмэгдсэн ч энэ тоо жил бүр тасралтгүй өсч чадахгүй байгааг та график 1-ээс харж байна. 

График 1, Улсын дундаж наслалт, 1990-2017

1990 онд дундаж наслалт 63.37 байснаа 2000 онд энэ үзүүлэлт 63.18 болж буураад үүнээс хойш наслалт нэмэгдэж эхэлсэн байна.  Ингэж нэмэгдэж яваад 2015 онд 69.89 болсон ч 2016 онд 69.57 болж эргэн буурсан байна. Гэхдээ 2017 оны үзүүлэлтээр эргээд 2015 оны үзүүлэлт дээрээ очиж нэмэгдсэнийг та график 1-ээс харж байна. 

Үүнээс үзвэл Монгол Улсын дундаж наслалт жил бүр өсч чадахгүй, заримдаа буурч, заримдаа нэмэгдсэн байдалтай байна. 

Дундаж наслалтыг аймаг бүрээр задлан харвал их сонирхолтой үр дүн харагдав. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн гаргаж байгаа. Тус судалгаагаар эдийн засгийн үзүүлэлт хамгийн сайн өрсөлдөх чадвартай аймгийн дундаж наслалт хамгийн сайн байх болов уу гэтэл тийм зүйл ажиглагдсангүй. Харин ч эсрэгээрээ өрсөлдөх чадвараараа сүүл мушгих гээд байдаг Дундговь аймгийн иргэдийн дундаж наслалт улсдаа тэргүүлж байна. 

Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг даган наслалт нэмэгдсээр байдаг. Тэгвэл Монголд харин энэ үзүүлэлт янз бүр байна. 

Гэхдээ Дундговьчууд хэзээнээс л бусад нутгийнханыг бодвол урт насалдаг байсан нь 1990 оны үзүүлэлтээс харагдана. 

График 2, Дундаж наслалт аймгуудаар, 1990 -2017 он

1990 онд Дундговийн дундаж наслалт 21 аймгаас долоод буюу 63.70 настайгаар жагсдаг байж. Харин 2017 оны үзүүлэлтээр тэдний дундаж наслалт 73.58 болж нэгт жагсаад байна.

Дундговьчуудын дундаж наслалт өнгөрсөн 27 жилийн хугацаанд ийнхүү бараг 10 насаар нэмэгджээ. 

Тэгвэл нөгөө талд дундаж наслалтаараа сүүл мушгиж байгаа газар бол Хөвсгөл аймгийнхан. 2017 онд Хөвсгөлчүүдийн дундаж наслалт 66.18 буюу тэргүүлсэн Дундговьчуудынхаас бүр 7.4 насаар бага байна. Хөвсгөлчүүдийн дундаж наслалт улсын дунджаас гэхэд 4 орчим насаар бага байна. 

Аймаг орон нутгийн өрсөлдөх чадварын индексийг бид насжилттай нь харьцуулж харж үзэв. 

График 3, Дундаж наслалтыг, аймгуудын өрсөлдөх чадварын индекстэй харьцуулвал, 

Энэ үзүүлэлтээр эдийн засаг, өрсөлдөх чадвар айхтар нэмэгдээд хүн амын насжилтандаа төдийлөн нөлөөлөхгүй байгаа нь харагдана. Үүнээс үзвэл, Монгол Улсын эдийн засгийн өсөлт иргэдийнхээ бодит амьдрал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэгт БОДИТОЙ НӨЛӨӨЛӨЛ үзүүлж чадахгүй байгаа нь ажиглагдах ажээ.