Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Алим, интоор, ханборгоцойг өөрийн гараар мэргэжлийнхэнтэй хамтарч тариалах боломжтой болно

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хүссэн жимс, ногоогоо хүлэмжинд өөрийн гараар тариад, мэргэжлийн тариаланчдаар арчлуулж, намар ургацаа аваад өвөлжин органик хүнсээр тасрахгүй байх боломжтой гэвэл танд ямар санагдаж байна?

Эрүүл, баталгаатай, органик жимс, ногоогоор цангадаг нийслэлчүүдийн хувьд энэ нь бараг мөрөөдөл шиг сонсогдож байгаа байх. Тэгвэл Улаанбаатарт анх удаа олон нийтэд нээлттэй тариалангийн талбай үйл ажиллагаагаа явуулах гэж буй сайхан мэдээ байна. 

МЭКО буюу “Монгол эко” органик фарм 2014 оноос үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ удаад нийслэлчүүддээ зориулан ийм гоё төсөл эхлүүлэх гэж буй талаар дуулаад тус тариалангийн талбайг зорьсон юм. 

 
гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын хаанаас ч хувийн машин, автобусаар хүрчих боломжтой Сонгинын амралт, сувиллын хажууд цогцолсон ногоон “хотхон”-д бид ирлээ. 2014 онд “Мэко” компани үйл ажиллагаа явуулахаас өмнө хоосон байсан энэхүү 20 га талбайд өдгөө төрөл бүрийн мод үржүүлгээс гадна алим, интоор, ханборгоцой зэрэг Монголд элбэг байдаггүй жимс ургаж байна. Мөн мөөг, бяслаг, бөднө шувууны аж ахуй гэхчлэн үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжсөөр байгаа аж. Хамгийн гол нь энэ бүгдийг органикаар, хамгийн эрүүл аргаар тарьж, ургуулж байна. 

 
гэрэл зургийг MPA.mn

Юуны өмнө бид “Мэко” фармыг үүсгэн байгуулагч Б.Батсоёмботой уулзлаа. Ихэвчлэн “Бид”, “манайхан”, “хамтарч ажиллах” гэх үгсээр ярих энэ залуу Англид эдийн засаг, хуульч мэргэжлээр төгсч, мэргэжлээрээ банкинд ажиллан туршлага хуримтлуулж яваа ч “Монголдоо л үнэ цэнэ бүтээх үйлдвэрлэл хийх нь гоё юм байна” гэсэн хүсэлдээ хөтлөгдөн аж ахуй, тариалангийн үйлдвэрлэл рүү эргэлт буцалтгүй оржээ. 

Тэрбээр анх Монголд тийм ч элбэг байдаггүй интоор, алим, хан боргоцой гэх мэт төрөл бүрийн жимсийг шинээр тарьж, үйл ажиллагаагаа эхлүүлж байж. Харин одоо энэхүү жимснүүдээс уншигч та ч бас “Мэко”-гийн хүлэмжинд тарьж, ургуулаад хүнсэндээ хэрэглэх боломжтой болох нь. Энэ тухай Б.Батсоёмботой ярилцахад “Бид “Communal Garden” төслийг эхлүүлсэн байгаа. Энэ нь олон нийтэд зориулсан хамтарсан ногооны талбай юм. Хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө ирээд гишүүн болсноор өөрсдөө ургацаа хураах боломжтой. Гол зорилго нь “Know how” буюу иргэд хүнсээ зөвхөн идэхээсээ илүү хэрхэн, ямар нөхцөлд ургадаг талаар сайн мэдээсэй гэсэн филисофи дээр суурилсан. Мэргэжлийн тариаланчид туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах тул хүмүүс ногоо тарьж, хүнсний талаар илүү мэдээлэлтэй болж, органик хүнсийг жинхэнэ утгаар нь ойлгоосой гэж энэхүү төслийг эхлүүлээд байна” гэсэн юм.

 
гэрэл зургийг MPA.mn
 
гэрэл зургийг MPA.mn

Түүний бас нэг зорилго нь мөөгний цехээ өргөтгөх аж. Жимсний модны үржүүлэг сайхан сонсогдох хэдий ч өгөөжөө өгтлөө удаан хугацаа шаарддаг тул “Мэко” фарм богино эргэлттэй ногоо тарьж эхэлсэн байна. Гэхдээ мод болон ногоо нь улирлын шинж чанартай тул жилийн хагаст нь үйл ажиллагаа бараг зогсонги болдог учраас улирал харгалзахгүй ургах боломжтой мөөгийг тарьж эхэлсэн нь энэ ажээ. 

Мөөг нь хүний эрүүл мэндэд тустайн дээр өдөр бүр хүнсэндээ хэрэглэх шаардлагатай бүтээгдэхүүний нэгт багтдаг гэдэг. “Мэко”-гийнхон одоогоор хясаан мөөг тарьж байгаа аж. 
Хясаан мөөг нь хүний биеийг хорт бодисоос хамгаалдаг витамин, амин хүчил болон менаралаар баялаг аж. Мөн цусан дахь хлостеролыг багасгадаг төдийгүй маш бага калори агуулдаг учраас дэглэм барьж байгаа хүмүүс хэрэглэхэд тохиромжтой зэрэг давуу талуудаараа өнөөгийн амьдралын хэв маягт тохирсон хүнсний бүтээгдэхүүн ажээ. 

Тэдний хамт олон удахгүй цагаан мөөг тарихаар ажиллаж байгаагаа мөн сонирхуулсан юм. Энэ чиглэлээр өмнө нь судалгаа хийж байсан ч Монголын зах зээл бэлэн бишээс гадна өөрсдийнх нь туршлага хараахан хангалттай байгаагүй гэнэ. Харин одоо мөөгний төрлөө 2-3 болгож, үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр зэхэж байна.

10х10 метр талбайг та бүтэн жил эзэмшинэ

 
гэрэл зургийг MPA.mn

“Энэ жил “Communal Garden”-аа хэрэглэгчдэд хүргэж арай амжсангүй. Гэхдээ намар болтол сонирхсон хүмүүс богино болцтой ногоо тарих туршилт хийн, хамтран ажиллах боломжтой. 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсоор гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэнэ. Тэр болтол хүссэн үедээ цахим хуудас болон утсаар мэдээлэл авах боломжтой” хэмээн Б.Батсоёмбо учирлалаа. 

Тараилангийн салбарын гишүүнчлэл гэхээр цоо шинэ сонсогдож, сонирхол татлаа. “Communal Garden”-ий гишүүн болсноор хамгийн багадаа 10x10 метр талбайг жилийн турш эзэмших эрх үүсэх нь. Улмаар өөрийн турьж ургуулахыг хүссэн жимс, ногоогоо мэргэжлийн зөвлөхийн тусламжтайгаар хэрхэн тарих бүх шат дарааллаа заалгаад, түүнийгээ өөрийн талбайдаа тарина. Ургалтын явцад арчилгааг болж өгвөл өөрсдөө хийх нь. Хэрэв хүсвэл арчилгаатай багцыг сонгож, “Мэко”-гийнхонд даатгасан ч болно. Тэд ургац хураах хүртэлх арчилгааг хариуцан хийж, харин та ургацаа өөрөө авч болно. Эсвэл мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ч боломжтой юм байна. 

Нарийн горимын дагуу арчилгаа хийж чадвал 100 гаруй мянга төгрөгний өртөгтэй таны тарьсан үр тухайн жилдээ 1.5 сая төгрөгийн ургац өгнө хэмээн Б.Батсоёбо ярилаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нэг өрх гэрээсээ холгүй талбайд 100,000 төгрөгийн үрийг гэр бүлээрээ хамтран тариад өвлийн турш 1.5 сая төгрөг хэмнэж, органик хүнсээр тасрахгүй байх боломжийг “Communal Garden” төсөл олгох нь.  

“Мэко”-гийн хамтрагч “МАCU”-гийн үйлдвэр төрөл бүрийн бяслаг үйлдвэрлэж эхэлсэн гэнэ.  Тиймээс тус фарм дээр ногоо тарьж болохоос гадна жимсний модны найман төрөл, гоёлын модны зургаан төрлийн суулгац, хүнсэнд хэрэглэдэг амт чанар сайтай хясаан мөөг, төрөл бүрийн бяслагийг эндээс авах боломжтой юм байна. 

Хэдийгээр энэ нь ашгийн төлөө боловч төслийн хамгийн гол зорилго нь мөнгөн ашиг бус,  харилцагчидтайгаа гар хүрэх зайнд байх, хоол хүнсний боловсрол олгож, зөв мэдээллийг практик аргаар хуваалцаж, жинхэнэ органик хүнсний ойлголтыг түгээх зорилготой ажээ. 

“Ямар ч хаягдалгүй фарм болно”

 
гэрэл зургийг MPA.mn

Цаашид “Мэко” органик фармын хамтралын шувууны аж ахуй, жимсний мод үржүүлэг, мөөг, ногоочид нэг дор “Кластир” буюу хамтрал хэлбэртэй, өндөр бүтээмжтэй үйл ажиллагаа эрхлээсэй гэж Б.Батсоёбо хүсдэг гэнэ. Аж ахуй эрхэлж буй хүмүүс хоорондоо бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх биш, харин бие биедээ дэм болж, хамтдаа маркетинг, менежмент цаашлаад тээвэр борлуулалтын сувгаа нэгтгэх замаар бие биедээ үнэ цэнэ өгөх ёстой. Энэ бол түүний амбийц.
 
Газар тариалан эрхлэх иргэд, аж ахуйн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаад тэрбээр баярлаж яваа гэнэ. “Их хөдөлмөр шаарддаг ажил болохоор алдагдал багатай байхын тулд бид менежмент гэдэг зүйлийг сайн хийх хэрэгтэй. Ингэж чадвал үр өгөөжийг нь улам дээшлүүлнэ. Жишээ нь, Монголд мод тарьдаг олон газар, төрийн бус байгууллага  байдаг ч харилцагчдадаа хүрч чаддаггүй тул гайхалтай сайхан бүтээгдэхүүнүүд нь хүртээл болдоггүй. Мод тарьдаг хүмүүс маань хамтарч ажиллаад, борлуулалтыг үр дүнтэйгээр хийж, хүмүүст сайн хүргээсэй гэж боддог” хэмээн Б.Батсоёмбо ярьсан юм.

Тийм ч учраас "Мэко" менежментээ сайн хийхэд анхаарч ажилладаг байна. Тухайлбал, бага ажилтантай, үр дүнтэй ажиллах нь хамгийн чухал зохицуулалт гэдгийг тэрбээр яс махандаа шингэтэл ойлгосон гэнэ. “Мэко” одоогоор  байнгын зургаан хүнтэй бөгөөд ажлын ачаалалтай үеэр буюу хавар, намар хүмүүсээ нэмдэг байна.
  
Мөн одоогийн эрхлэхээр зорьж буй бүх үйлдвэрлэлийн хаягдал материал нь өөр үнэ цэнэтэй түүхий материал, бордоо болдог тул ямар ч хаягдалгүй фарм болохыг зорьж байгаа аж. Жишээ нь, бөднө шувууны аж ахуйгаас гарсан сангасыг боловсруулж, жил өнжүүлээд ногоо тарихдаа органик бордоо болгон ашигладаг юм байна. Үр тариа, буудай, модны үртэс гэх мэт дайвар бүтээгдэхүүн дээрээ мөөгөө тарих жишээтэй. 

Ингээд мөөгний ургацаа хураасныхаа дараа хөрсөө сайжруулан, ногоо болон модондоо бордоо болгон ашигладаг байна. Энэ бүх аж ахуй нь нэгэн циклийг үүсгэн, хаягдалгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж ойлгож болно. “One man’s junk is another man’s treasure” буюу “Нэг хүний хог нөгөө хүний эрдэнэс байдаг” гэсэн Английн хэлц үг бий. Тиймээс фармын хаягдмал нь эргээд өөр аж ахуйд ашиг тус болох тэр орчныг бүрдүүлэхийг “Мэко”-гийн хамт олон зорьж байна.
 
“Органик бүтээгдэхүүн хийхэд гарах зардал жаахан өндөр ч 100% органик бүтээгдэхүүн л хийхийг хүссээр байгаа” хэмээн Б.Батсоёмбо ярьж байна. Тэрбээр “Монголд аж ахуй, газар тариалангийн салбарыг хараад байхад ихэвчлэн настай хүмүүс маань хийгээд байдаг. Залуучууд сонирхоод хийвэл Монголын нөхцөлд хоол хүнсний талаар мэдлэгээ тэлж, хөгжүүлж ашиг олохоос гадна бодит үнэ цэнэ үүсгэж, дэлхийд өрсөлдөхүйц, чанартай бүтээгдэхүүн гаргах боломжтой цөөхөн салбарын нэг нь газар тариалан гэж боддог” хэмээн нэмж хэллээ.

Тийм ч учраас “Communal Garden” төслөө эхлүүлснээр манай залуус аж ахуйг илүү сонирхож, харилцан суралцаж, энэ салбарыг хамтдаа хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж Б.Батсоёмбо харж байна. 

"Мэко" хүлэмжийн ургацууд:

 
 
 
 
 
 

МЭКО фэйсбүүк хуудасМЭКО органик фарм - жимс, мөөг, ногоо болон мод үржүүлэг