Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Ахметали: Наймдугаар сард ихэнх нутгаар ХЭТ ХАЛАЛТ БАЙХГҮЙ

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Наймдугаар сард цаг агаарын төлөв байдал ямар байхыг ЦУОШГ-ын цаг уурч Х.Ахметалигаас тодрууллаа.

Тэрбээр “Ирж байгаа наймдугаар сарын нэгдүгээр 10 хоногийн эхэн болон сүүлээр, хоёр, гуравдугаар 10 арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, ялангуяа нутгийн хойд хэсгийн аймгуудаар хур тунадас орох төлөвтэй байна. 

Энэ үед температурын хувьд Алтай, Хангай, Хэнтийн уулс хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-18, өдөртөө 25-30 градус бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градусын дулаан байх төлөвтэй байгаа.

Мөн наймдугаар сарын нэгдүгээр 10 хоногийн эхэн болон сүүлээр, хоёр, гуравдугаар 10 арав хоногийн дунд үеэр салхины хурд түр зуур ширүүсэж 18-20 м/с хүрэх төлөвтэй байна. 

Ихэнх нутгаар хэт халалт байхгүй. Халалттай үе гэвэл нэгдүгээр 10 хоногийн дунд үе болон хоёрдугаар 10 хоногийн эхэн үед говийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус хүрч халахаар байна. 

Агаарын температурын олон жилийн дундаж нь Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар 10-15 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус байдаг. Ирэх наймдугаар сарын урьдчилсан мэдээгээр Ховд, Говь-алтай, Баянхонгор, Баян-өлгий, Өвөрхангай, Хэнтий аймгуудын өмнө талаар, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан. Бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй. 

Хур тунадасны хувьд Булганы ихэнх, Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв, Сэлэнгийн баруун, Дорнодын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадастай. 
Ховд, Дорноговийн ихэнх, Баян-өлгий, Увсын өмнө талаар, Завхан, Говь-алтайн баруун хэсгээр, Сүхбаатар, Хэнтийн өмнө талаар бага бол бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байна” гэлээ.