Зүүн Азийн найман орон нэгдэж, Зүүн Азийн Олимпийн Хороог байгуулан бүс нутгийн спортын наадмыг зохион байгуулж байхаар болсон юм.
Зүүн Азийн Спортын Наадам хамгийн сүүлд Хятадын Тянжинь хотод 2013 онд зохион байгуулагдаж байв. Үүний дараа Зүүн Азийн Залуусын Наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулж байхаар болж 2019 онд зохион байгуулах эрхийг 2014 онд Тайваний Тайчун хот авч байжээ.
Гэвч өчигдөр Бээжин хотод болсон тус хорооны ээлжит бус хурлаар Тайваньд зохион байгуулах эрхийг цуцлах санал хураалт болж, гишүүн орнуудын олонхын шийдвэрээр Тайчуны наадам цуцлагджээ.
Хуралдаанд оролцсон Хятад, Өмнөд Солонгос, Монгол, Хонг Конг, Макао, Хойд Солонгосын гишүүд шийдвэрийг дэмжсэн бол Тайваний төлөөлөгч ганцаар эсэргүүцэж, Япон түдгэлзсэн байна.
Уг шийдвэрийн дараа Тайваний засгийн газар Хятадын нөлөөгөөр Тайчуны наадмыг цуцалсан явдлыг эсэргүүцэж, дэлхийн улс орнуудад Бээжингийн явуулгыг эсэргүүцэхийг уриалжээ.
Тус улсын ерөнхийлөгчийн ордны мэдэгдэлд “Спортод хил хязгаар байх ёсгүй. Хятад улс өнөөдөр утга учиргүй шалтгаанаар олон улсын спортын арга хэмжээнд хориг тавилаа. Тайваний ард түмэн үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, спортод хайртай дэлхийн олон нийт дэмжихгүй” гэсэн байна.
Хятадын тал олон улсын спортын уралдаан тэмцээнд Тайваний арлыг “Тайвань” нэрийн дор, тусгаар улсын статустай оролцохыг хүчтэй эсэргүүцэж байгаа.
2020 оны Токиогийн зуны олимпийн наадамд Тайваньчууд уламжлалт “Chinese Taipei” нэрээр бус, “Taiwan” нэрээр оролцох тухай бүх нийтийн санал асуулга явуулахаар хэлэлцэж эхэлсэн нь Бээжинг ийм алхам хийхэд хүргэсэн бололтой.
Эх сурвалж: Focus Taiwan
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!