Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөр насны хүүхдүүдийг буруу зан үйлд уриалж байсан фэйсбүүк группийг хаажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу “ЭМО” нэртэй фэйсбүүк группийг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба хаажээ. Фэйсбүүкт "ЭМО" нэртэй групп үүсгэн насанд хүрээгүй олон тооны хүүхэд, залуучуудыг амиа хорлох үйлдэл, "Цэнхэр халим" тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татаж байсан 15 настай, эмэгтэй “М”-тай уулзан ярилцаж, дээрх үйлдлийг таслан зогсоосон байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчид эцэг, эхийнх нь зөвшөөрөлтэйгөөр "М"-ийн ярилцлагыг байршуулжээ. 

Тус группийг нээсэн 15 настай М гэгч охин ярихдаа "Энэ группийг нийгмээс өөрийгөө тусгаарлах хүсэлтэй хүүхдүүдийг нэгтгэх зорилгоор нээсэн. Энэ группт миний таних 2-3 хүүхэд л байгаа. Ихэнх гишүүдийг танихгүй. 

Группт оруулсан зургуудаа интернэтээс хайж олсон. Анх ийм групп нээсэн маань зөв санагддаг байсан ч найзууд болон гэрийнхэн маань буруу гэж хэлэх болсон учраас хэрэглэхээ больсон. Сүүлийн 1-2 сар энэ групптээ ороогүй. Нэг найз маань намайг боль гээд загнаж, байнга зөвлөгөө өгдөг байсан. Эцэг, эхчүүдэд хандаж хүүхэдтэйгээ ярилцаж, сэтгэл санаа нь зүгээр байгаа эсэхийг мэдэж байгаарай гэж хэлмээр байна" гэжээ.

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ илүү ойр, дотно харилцах явдал нь хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам болохыг эцэг, эхчүүд ойлгож, хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.